Л.Энх-Амгалан: Иргэдийн хувьцааг мөнгөжүүлэх боломжгүй байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
2012 оны үндсэн чиглэлд иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүний хөгжил сангаас хишиг хувь хүртэх боломжийг бүрдүүлэх талаар холбогдох журамд өөрчлөлт оруулах арга хэмжээний дагуу ажил хийгдээгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа.
2013 оны үндсэн чиглэлд энэ асуудал тусгагдаагүй байна. 1,8 сая иргэн 1072 ширхэг хувьцаагаа мөнгө болгох хүсэлт гаргасан. Одоогоор эдгээр иргэдийн хувьцааг мөнгөжүүлэх боломжгүй байгаа. Үүнийг өөр хэлбэрээр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хэлбэрээр олгож болохгүй юу?
Мөн 2012.6.25 өдөр Эрдэнэс MGL-ийн нэг ширхэг давуу эрхтэй хувьцааг иргэдэд эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан байгаа. Энэ шийдвэр одоогийн Засгийн газрын хувьд хэрхэн хэрэгжих гэж вэ? гэсэн асуултыг асуулаа.
Таван толгойн хувьцаа маш бага мөнгө болох нөхцөл байдалд ороод байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Эрдэнэс MGL–н давуу эрхтэй хувьцааг иргэдэд өгөх ажлыг хийнэ. Гэхдээ богино хугацаанд хийгдэх ажил биш. Өмнө нь өгсөн Таван толгойн хувьцаа мөнгө болох боломжгүй, мөнгө болвол маш бага мөнгө болох нөхцөл байдалд ороод байна. Засгийн газраас Таван толгойг илүү үр дүнтэй болгох ажил хийж байна” гэсэн хариулт өгөв.
Түүнчлэн өөр хэлбэрээр өгөх судалгаа хийгээгүй. Хийгээд ч хэрэггүй. Таван толгойнхоо үнэ цэнийг өсгөж, таны энэ хувьцаа зохимжтой цагтаа мөнгө болно. Тэр нь сая төгрөгөөс буухгүй гэдэг асуудлыг л бид хийчихмээр байна гэлээ.