Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай
5 сарын 1 олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Тэртээ 1886 оны энэ өдөр Чикаго хотод ажлын найман цагийн горимд шилжих шаардлага тавьж зохион байгуулагдсан жагсаал цуглаанаас үүдэн олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдрийг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зүгээс бүх салбараа нэгтгэсэн өдөрлөг болгон тэмдэглэлээ.
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг дэлхийн 80 гаруй орон тухайлбал Америк тивээс Канад, АНУ, Бразил зэрэг 17 орон, Ази тивээс Бангладеш, Энэтхэг, Иран, Монгол зэрэг 26 орон арлын орнуудын олон сая иргэд хөдөлмөрчид тэмдэглэж байдаг.
Тэгвэл энэ жил манайд Монголын үйлдвэрчний эвлэлүүд ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтран иргэдийн дуу хоолойг сонсон, цаашид хийх ажлынхаа урьтал болгон өдөрлөгийг зохион бйагуулсан юм. Энэхүү өдөрлөгт МҮЭ, 13 салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо мөн анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороод, Сонгино зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулсан юм.
Хөдөлмөрчдийн эв санааны өдөр
Үйлдвэрчний эвлэлийн ярьж байгаа гол асуудал Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодит болгох нэмэгдүүлэх асуудал байгаа. Саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгосон ч энэ бол хийж байгаа хөдөлмөр нийгэмтэйгээ харьцуулахад маш доогуур үнэлгээ гэдгийг онцолж байгаа.
Ер нь цаашид хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийг зөв үнэлэх асуудлыг нэлээд чухалчилж байгаа. Одоогийн хөдөлмөрийн хөлс чамлалттай байгаа учраас энэ асуудлын талаар дуу хоолойгоо үргэлжлүүлэх болно гэдгээ өнөөдрийн өдөрлөгийн үеэр иргэдтэй хуваалцаж байлаа.
Энэ үеэр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрийг манай улс хэрхэн тэмдэглэж байна вэ?
-Дэлхийн 80 гаруй улс майн 1-ний өдрийг тэмдэглэж байгаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн байгууллагуудтайгаа хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн орон нутгийн бүх үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ чиглэлээр өдөрлөг зохион байгуулж байгаа.
-МҮЭХ-ны өмнө нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ?
Монгол хүний цалингийн үнэлэмж дэлхийн улсуудтай харьцуулахад хангалтгүй байна.
Бидний нэн тэргүүнд хийх ёстой ажил бол монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх явдал. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ саяхан 192 мянга болж нэмэгдсэн. Гэсэн ч өнөөдөр монгол хүний цалингийн үнэлэмж дэлхийн улсуудтай харьцуулахад хангалтгүй байна.
Түүнчлэн хөдөлмөрөөс шалтгаалах өвчнөөр, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж олон зуун хүн өвдөж, амь насаа алдаж байна. Тиймээс үйлдвэрлэлээс шалтгаалах осол гэмтлийг тэглэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санал тавьж байна.