Нэр дэвшигч 22-ны дотор нэрээ татаж болно
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга
2013.05.16

Нэр дэвшигч 22-ны дотор нэрээ татаж болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулж, зарим нь аль нэг намыг дэмжиж оролцох тухайгаа мэдэгдээд байгаа билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр болсон бол МҮАН болон ИЗНН-ын зүгээс АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.

Сонгуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчлэн баталсан хуульд нэр дэвшигч үнэмлэхээ гардсанаас хойш нам нь тухайн нэр дэвшигчийг нэрийг татах, эсвэл нэр дэвшигч өөрөө нэрээ татахыг хориглосон заалт бий. Та энэ талаар тодруулахгүй юү?

-СЕХ-ноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаас хойш тухайн нам нэр дэвшигчийг эргүүлэн татах, нэр дэвшигч өөрөө нэрээ татахыг хуулиар хориглосон байгаа. Өөрөөр хэлбэл, намууд тавдугаар сарын 17-ны дотор нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд ирүүлж, СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэж, 22-нд үнэмлэхийг нь олгоно. Энэ цагаас хойш нэр дэвшигч нэрээ татах боломжгүй болж байгаа юм. Нэр дэвшигч нь сонгуулийн хууль зөрчсөн болох нь илэрвэл нэрсийн жагсаалтаас хасч болно.

Товчхондоо бол нэр дэвшигчид тавдугаар сарын 22-ны дотор нэрээ татах боломжтой. СЕХ нь намуудаас ирүүлсэн нэр дэвшигчийн бичиг баримттай танилцаад хуулийн дагуу бүх зүйл ном журмаараа байвал 22-нд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүнээс хойш нэр дэвшигч нэрээ татах, нам нь ч мөн эргүүлэн татах боломжгүй болно.

-Нэр дэвшигч нь одоо эрхэлж  байгаа ажлаасаа түр чөлөөлөгдөх заалт бий юү?

Нэр дэвшигчид

-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн аль нь ч байсан одоогийн ажлаа үргэлжлүүлнэ. Харин сонгуультай холбоотойгоор албан тушаалаа ашиглаж аливаа албан тушаалтан, байгууллагад үүрэг өгч, шийдвэр гаргахыг хориглож байгаа юм. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулан хүмүүнлэгийн, буяны гэх мэт тусламжийг ямар нэг сангийн шугамаар тараахыг хориглож байгаа. Улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болохгүй заалтыг оруулж өгсөн. Жишээлбэл, сайдыгаа дагаад тухай яамны ажилтан гадуур явах, ямар нэг үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн үг юм.

-Сонгуулийн сурталчилгааны хувьд өмнөх хуулиас ямар ялгаатай вэ?

-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт олон заалт орсон. Хишиг хувь өгнө, ажилд зуучилна, үнэ төлбөргүй хямдралтай үнээр үйлчилнэ гэх мэт улсын төсвөөс санхүүжих шаардлагатай зорилтот арга хэмжээ, мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх мэдэл амлахгүй байхыг хатуу тусгасан. Мөрийн хөтөлбөрт Аудитын газар шалгалт хийгээд шалгалтын дүнг СЕХ-нд  хүргүүлэх юм. Сонгуулийн сурталчилгаанд хориглосон зүйлс нь өмнөх Орон нутаг, УИХ-ын сонгуулийн хуульд тусгасантай адил. Тухайлбал, мөнгө, эд зүйл тараахгүй, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй, биеийн тамирын уралдаан тэмцээн, хүлээн авалт гэх мэтийг хориглож байгаа. Гэхдээ мөнгө, хандив босгох журмаар хүлээн авалт зохион байгуулбал энэ нь сонгуулийн сурталчилгаанд орохгүй юм. Сонгогчдын санал татах зорилгоор хүлээн авалт, уралдаан тэмцээн, баяр наадам хийхгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах сурталчилгаанд өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, чансаа тогтоох судалгаа, бусдыг гүтгэх, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа сурталчилгааны дор заавал нэр дэвшигчийн нэр, хаяг байх ёстой. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл хууль зөрчиж, далд сурталчилгаа хийвэл тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг гурван сар хүртэлх хугацаагаар зогсоох заалттай. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаг, хугацаа, үнэ ижилхэн байх ёстой гэдгийг тодотгож өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, СЕХ-ны дэргэдэх хэвлэлийн зөвлөл, төрийн бус байгууллагууд хяналт, ажиглалт, мониторинг хийх юм.

-Мөнгө тараах, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн үйл ажиллагаанд татан оруулсан тохиолдол УИХ-ын сонгуулийн үеэр гарсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэрхэн тусгасан бэ?

Сонгууль

-Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оруулах, ашиглахыг хориглосон заалт байгаа. Ер нь энэ хууль УИХ, Орон нутгийн сонгуулийн хуульд тулгуурлан хийгдсэн. УИХ-ын сонгуулийн хуульд бэлэн мөнгө тараасан бол 10 нугалж төлсөн тохиолдол гарсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд  20 нугалж төлнө гэж төлбөрийн хувийг нэмж өгсөн. Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг заавал бүртгүүлсэн байх, нэр дэвшигчийн хаяг ил тодорхой байх, сонгуулийн сурталчилгаанд явж буй штабын гишүүд бүгд бүртгүүлээд, үнэмлэх зүүсэн байх ёстой.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулийн хууль зөрчвөл ямар арга хэмжээ авах вэ?

-Бэлэн мөнгө, эд бараа тараасныг нь сонгогч баримтжуулан цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг эргүүлэн татах заалт байхгүй. Гэхдээ хууль зөрчсөн гэдгийг олон нийтэд мэдээлж, энэ нь олон нийт, сонгогчдын санал өгөхөд нөлөөлөх юм. Цөөхөн нэр дэвшигчийг сонгуулийн хуулийн заалт бүрээр эргүүлэн татах нь бэрхшээлтэй байсан. Тиймээс хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулбал хариуцлагын арга хэмжээ авна.  Нэр дэвшигч, сонгуулийн штаб, сонгуулийн сурталчилгааны ажилтан гээд бүгдэд торгуулийн хариуцлага тооцно. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Энэ нь иргэд сонгогчдод сонголт хийхэд нөлөөлнө гэж үзэж байгаа.