С.Ганбаатар: Би хавханд байгаа бяслаг иддэг хүн биш
С.Ганбаатар: Улсын Их Хурлын гишүүн
2013.02.28

С.Ганбаатар: Би хавханд байгаа бяслаг иддэг хүн биш

Сонгуулийн дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МАН-д элсэх гэж байгаа тухай шуугиж байсан үе саяхан. Гэтэл энэ яриа намжаагүй байтал түүнийг АН-д элсэх гэж байгаа, энэ тодорхой болсон талаар ярьж эхэллээ. Энэ талаар эрхэм гишүүнээс тодрууллаа.

-Таны АН-д элсэх гэж байгаа тухай ярьж байна. Энэ үнэн үү?

-Ёстой гоё “Монгол цуурхал” байна. Миний хувьд хэзээний нам гэж чамирхаж явдаггүй байсан. Энэ байр сууриндаа хэзээ ч баттай зогсох болно. Энэ яриаг сонсоод хэлэх ч үг алга. Би зүгээр ажлаа хиймээр байна.

-Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн даргын суудлыг таныг дүүдээ өгөхөөр болсон гэсэн?

-Ямар сайхан юм бэ дээ. Хэрвээ энэ үнэн байдаг бол би тендер зарлаж, мөнгөөр нь Дархандаа цэцэрлэг баримаар байна. Би энэ асуултанд товчхон хариулъя. Би хавханд байгаа бяслаг иддэг хүн биш.

-Бас нэг асуудал нь таныг Үйлдвэрчний эвлэлийн газрын даргын суудлаа өгөхөөр боллоо гэж байсан?

-Энэ бол Цэцийн гаргасан шийдвэр. Гэхдээ үүнийг Үйлдвэрчний эвлэл дотроо хурал хийж байж шийдэх асуудал. Өнөөдөр бид хуралдана. Хэрвээ би энэ дарга биш боллоо ч Үйлдвэрчний эвлэлд орон тооны бусаар ч болов ажиллах болно.