Парламентын шинэ ордныг хаана барих вэ?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ сарын 28-нд хуралдана. УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан ч УИХ-ын байнгын хороо болон гишүүд ажлаа хийж байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Парламентын шинэ ордонг барих асуудлыг хэлэлцэх юм байна.
Төрийн ордныг хаана барих, ямар зохион байгуулалттайгаар барих зэрэг асуудал тодорхойгүй байсан учраас УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар өнгөрсөн есдүгээр сард ажлын хэсэг гарч ажилласан.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт томилогдсон байна. Харин гишүүдээр Г.Батхүү, А-Бакей, Б.Гарамгайбаатар, Ц.Даваасүрэн нар томилогдсон юм. Кувейтын сангаас Төрийн ордон барих 10 сая ам.доллар гаргаж, Монголд парламентын ордон барьж өгөхөөр шийдвэрлэсэн билээ.
Шинээр парламентын ордон барих асуудал өмнө нь хоёр парламент дамнан яригдаж байгаа ч газрын асуудал дээр маргаантай байгаа юм. Парламентын шинэ ордныг Төрийн ордны арын цэцэрлэг болон ордны зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн байрны барих тухай хувилбар байгаа ч гишүүд нэгдмэл саналд хүрч чадаагүй байгаа юм.