Гэртээ "ганцаараа"
Манай улсын нийт тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог
2013.02.14

Гэртээ "ганцаараа"

“Гэртээ ганцаараа үлдэнэ гэхээс үхэтлээ айдаг байж билээ. Эхэндээ тоглоомондоо сатаараад, дураараа гүйж харайхад сайхан байдаг ч ганцаараа цоожлогдож үлдэх муухай байсан.

Дэлхий нийтийн хандлага гэр цэцэрлэгийг сонгож байна

Аав ээж минь яах ч аргагүй намайг тэжээхийн тулд ажилдаа явах шаардлагатай болохоор би гэдэг хүн гэртээ ганцаараа үлддэг байж дээ”. Миний бага насанд нэг иймэрхүү дурсамжийн цонх байдаг шиг цөөн биш хүнд энэ цонх танил байгаа.

Дурсамжийн цонх хэмээн гоё хэлж байгаагаас биш гэртээ ганцаараа, харах хүнгүй, цэцэрлэгт явж чадалгүй үлдсэнээс болж өч төчнөөн хүүхэд хохирч байгааг мартаж боломгүй.

Өнөөдөр далан мянган хүүхэд цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэртээ үлдэж, өдөр хоногийг өнгөрөөж байна. Эжий аав нь таних, танихгүй хүнээр ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүйгээр бяцхан үрсээ даатгаж байна.

Манай улсын нийт тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог, 10 хүртэл насны хүүхэд хүүхдээ хардаг. ("Хүүхэд хөгжил 2010" ҮСХ-ны судалгаа)

Түүнчлэн хараа хяналтгүйн улмаас хүүхдүүд осол, гэмтэлд өртөх нь ихсэж байгааг Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэл харуулж байна. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаар л гэхэд осол гэмтлийн улмаас 0-4 насны 92 хүүхэд нас баржээ.

Энэ оны нэгдүгээр сард 15 хүүхэд хараа хяналтын гадуур байгаагаас зүй бусаар хорвоог орхиж байна

. ("Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт" эмхэтгэл, 2012).  2012 оны эхний 10 сарын байдлаар 7 хүртэл насны 23 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан, 50 хүүхэд хүнд ба хүндэвтэр гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон байна. ("Замын цагдаагийн газрын мэдээлэл" 2012)

 Гэртээ химийн хорт бодис болон галд түлэгдсэн 0-18 насны нийт хүүхдийн 44 хувь нь дөрөв хүртэл насны хүүхэд байна. ("Хүүхдийн осол, гэмтлийн өнөөгийн байдлын судалгаа" НҮБ-ийн Хүүхдийн сан, НХХЯ" 2007)

Дээрх мэдээллийн цаана хүүхдэд анхаарал, бодлого хэрэгтэй байгаа нь илт байна.

Ойрын дөрвөн жилд 2-5 насны хүүхэд өмнөх жилээс наймаас хорин мянгаар огцом өсч, 2016 оноос тогтвортой аажим өсөх сайн хандлага байгаа нь одоогийн бэрхшээлийг улам гүнзгийрүүлэх шалтгаан болно. Эдгээр хүүхдүүдэд нийт 600 гаруй цэцэрлэгт шаардлагатай. Гэтэл нэг цэцэрлэгийг барихад ойролцоогоор нэр тэрбум хэрэгтэй байдаг. Тэр их цэцэрлэгийг барьж дуустал хэдэн засгийн газар солигдохыг бид мэдэхгүй. Тиймээс дэлхий нийтийн хөгжилтэй орнуудын хөгжлийн чиг хандлагыг харгалзсан ч тэр гэр цэцэрлэгийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхтэй

Иймээс бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор харах хүнгүй гэртээ үлдэж байгаа бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх нь зүйтэй. Дэмжсэнээр бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 31413 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид ажил хийх нөхцөл бүрдэнэ.

Өнгөрсөн оноос эдгээр асуудлыг шийдчихмээр “Хүүхэд харах үйлчилгээ” хэмээх хуулийн төсөл хэлэлцэгдэх болсон нь ээж, аав нарын анхаарлыг татаж байгаа биз ээ. Хууль санаачлагчдын зүгээс хуулийн төслийг их хурлын гишүүд төдийлөн ойлгохгүй байгаад сэтгэл эмзэглэж байгаа ч энэ онд багтааж батлуулахыг чармайж байгаа юм.

Гэхдээ төгс хууль гэж байдаггүйн учир эцэг эхчүүдийн санал хууль боловсруулагчдад хамгийн их үнэ цэнэтэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.