Н.Алтанхуяг: Цагаан сэтгэлт зон олон минь цагаан идээгээ дээжлэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.02.11

Н.Алтанхуяг: Цагаан сэтгэлт зон олон минь цагаан идээгээ дээжлэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй

“Тийн ялгуулсан” хэмээх усан могой жилийн Шинийн нэгний билэгт сайн өдрийн наран ургахтай зэрэгцэн төрийн гурван өндөрлөг Төрийн их хүндэтгэл Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийгээд өндөр настан азай буурлуудаа хүндэтгэн золголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар есөн буурайг хүндэтгэн золгосны хамгийн ахмад настай нь 1907 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн өдгөө 106 нас сүүдэр зооглож буй С.Бүтэмж гуай байлаа. Эрэгтэйчүүдээс хамгийн өндөр настай нь болох 1914 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж 100 нас зооглоод буй Лочингийн Ишжамц гуай өдгөө Гандантэгчилэн хийдэд хурал удирдах дархан умзадаар ажиллаж байна.

Төрийн гурван өндөрлөг ахмад настны төлөөлөлтэй золгож, дурсгалын зураг татуулсны дараа Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Луу жил Монголын маань ард түмэнд ээл ивээлтэй жил байлаа. Шинэчлэлийн Засгийн газар усан могой жилд улсынхаа хөгжлийг урагшлуулахын төлөө хичээн ажиллах болно. Түмэн олон маань ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, төр түмэн хамтын хүчээ нэгтгэе” гэлээ. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн “Цагаан сарын баяр бол ахас ихсээ хүндэтгэдэг ураг төрлийн дээд баяр. Энэ баяраар монгол түмэн минь нэгэн нас нэмлээ гэж, хахир өвлийг мэнд давж урин хавартай энх золголоо гэж ураг төрлөөрөө цугларч ирэх сайхныг зөгнөн ярилцдаг. Цагаан сэтгэлт зон  олон минь цагаан идээгээ дээжлэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн ерөөлөө.

Ийнхүү улиран алсарч буй “Баясгалан” хэмээх луу жилээ монгол түмэн сав дүүрэн олзтой үдэж, удаан жаргалын бэлгэдэл агуулсан “Тийн ялгуулсан” хэмээгч усан могой жилээ бялхам дүүрэн амжилтаар эхлүүлж байгааг Төрийн өндөрлөгүүд бэлгэдэн хэлж, шижир наран дэлхийг тойрч нас нэмсэн, шидрүүн өвлийг өнтэй давсан энэ билэгт сайхан өдөр ураг төрлөөрөө цуглан учирч, Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө.