Ерөнхийлөгч Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ
Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүрэлцэн ирэхэд Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг нар амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэж, айлсан ирж буй усан могой жилийн өөдрөг өнгийг хэлэлцэв.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, усан могой жилийн өнгийг засан Төрийн гэр өргөөний жаврыг үргээж төр түмэндээ өргөх магтаал хайлсны дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар төрийн хүндэтгэлийн өргөөнд морилон ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгон бараалхав.