Ц.Баярсайхан: Л.Одончимэдийг ийм байдалд хүргэснээрээ Ерөнхий сайд буруутай
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л. Одончимэдийг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Л.Одончимэдийг огцруулах шалтгааныг та энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дүгнэлтээ гаргасан. Түүнийг төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэж үзэж, улмаар байнгын хороодоор огцруулахыг дэмжсэн. Л.Одончимэд сайд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд тодорхой хэмжээгээр төсвөө наана цаана болгон зохицуулах эрхтэй ч хамгийн гол нь Төсвийн тухай хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой. Энэ хуульд зааснаар, төсвийг өөр зүйлд зарцуулахыг хориглодог. Дээр нь тодорхой хэмжээний эх үүсвэргүй болчихсон нөхцөлд Засгийн газар шаардлагатай бол төсвийн тодотгол хийх ёстой байсан. Шинээр гэрлэгсдэд олгох мөнгийг өөр хөрөнгийн эх үүсвэрээс зарцуулах ийм байдалд хүргэсэн хүнийг би Ерөнхий сайд М.Энхболдыг гэж хэлмээр байна. Хуулийг буруу тайлбарлаж, олон нийтэд буруу ойлгуулснаараа Ерөнхий сайдаас энэ асуудал улбаатай. Хуулийг нэг л утгаар тайлбарладаг болохоос хүн бүр өөрийн үзэмжээрээ тайлбарлаж болохгүй. Жишээ нь, намайг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох үед тэтгэврийг тогтоохдоо хязгаарлалт хийж өгдөг байсан. Энэ хязгаарлалтын талаар иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж, бас л одоо мөнгө төгрөгийн асуудал гарч байсан. Ингэхдээ үүнийг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцээд, тодотгол хийх замаар шийдэж байсан. Ийм л зарчмын дагуу ажил явах байсан.
-Л.Одончимэд сайдыг огцруулахгүй бол Ардчилсан намаас ямар алхам хийх бол?
-Өмнө нь олонхоороо хүч түрэн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлийг авч үлддэг шиг байдал давтагдахгүй байх гэдэгт найдаж байна. Алдаа гаргасан бол хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хэрвээ Л.Одончимэд сайдыг огцруулахгүй бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал ч нээлттэй байгаа. Гэхдээ дараагийн алхмыг манай зөвлөл хуралдаж байж шийднэ. Одоогоор энэ талаар ярилцаагүй байна.
-Одоогоор Засгийн газрын хоёр ч гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Гэтэл сүүлийн үед Эрүүл мэндийн яамыг Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамтай нэгтгэх гэнэ гэсэн яриа бас бий?
-Төрийг том орон тоогоор данхайсан бүтэцтэй ажиллуулах хувилбарыг би хувьдаа дэмждэггүй. Өнөөдрийн байдлаар нэлээд олон яамтай болчихсон байгаа. Гэхдээ хамгийн гол нь хэрэгжүүлэх зорилтоо л сайн тодорхойлох ёстой. Үнэхээр томоохон зорилтыг хэрэгжүүлье гэвэл тодорхой чиглэлээр яам байгуулахад болохгүй гэх газаргүй. Ажил тааруухан байх юм бол 100 яамтай байгаад ч хэрэг байхгүй. Энэ хоёр яам нэг яам байсан үе бий. Харин одоо нийлүүлээд ажил сайжирна гэдэг юу л бол. Том хүрээг хамардаг үйл ажиллагаатай яамдыг нэгэтгэхээсээ илүү яаж ажлыг нь сайжруулах талаас нь түлхүү анхаарах ёстой.