2008.01.17

Үйлдвэрчний эвлэлийн холбоод ахмадуудын тэмцлийг дэмжив

Тэтгэврийн зөрүүг арилгуулахаар ахмадуудаас Засгийн газарт тавьж буй шаардлагыг дэмжиж байгаагаа салбарын үйлдвэрчний эвлэлийн зохицуулах зөвлөлийн гишүүд өчигдөр мэдэгдэв. ҮйлдвэрчниЙ салбар байгууллагын тэргүүнүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Засгийн газарт гурван талт хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн боловч бидний санал, хүсэлтийг хүлээж авахгүй байна хэмээн "гомдоллож" байсан юм Тус зохицуулах зөвлөлийн дарга Б.Батчулуун, иргэдийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хөлс байнга өсөн нэмэгдэж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд эрчим хүчний үнэ тарифыг зохицуулах зөвлөлөөс ирэх сарын 14-нөөс эрчим хүчний үнийг нэмэхээр шийдвэрлэсэн.

Хүмүүсийн амьжиргааны төвшинд сөрөг нөлөөтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулж болзошгүй эдгээр шийдвэрийн талаар ЗасгиЙн газар ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Мөн манай улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хуч хөдөлмөрөө зориулсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг шинэчлэн тогтоох шаардлагыг хайхрахгүй байгаа нь салбар ҮЭ-ийн байгууллагууд тэмцлийн арга замыг сонгоход хүргэнэ гэсэн юм. Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүн П.Гантөмөр УИХ-ын сонгуульд оролцохдоо намууд асар их зүйл амласан. Гэтэл одоо бодит байдал ямар байна. Төсвийн ажилтнуудын цалинг ирэх долдугаар сарын 1-нээс 7.5 хувиар нэмнэ гэнэ. 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон өндөр настнуудын тэтгэврийн зөрүүг дөрөвдүгээр сарын 1-нээс авч үзнэ гэж нэг сайд л хэлсэн. Тэтгэвэр авагчдын бага тэтгэвэртэйг нь нэмдэг асуудлыг буруу гэж үзэж байгаа. Бүгд адилхан тэтгэвэр авдаг болчихвол хүнд, хөнгөн нөхцөлтэй ажил хийж явсан, албан тушаалын ялгаа зэрэг харагдахгүй шүү дээ.

Мөн улсын томоохон эмнэлэг, сургуулийг хувьчлахыг эсэргүүцэж байна. 40-өөд жилийн өмнө нарийн мэргэжлийн клиникүүдийг хувьчилсан нь алдаа болсныг Сингапур, Япон, Хонконгийн төлөөлөгчид олон улсын хурал дээр хэлж байна лээ гэв. Ажилтан, албан хаагчдын ҮЭХ-ны тэргүүн М.Алтанцэцэг хэлэхдээ "Сангийн яам Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх нэрээр 2004 оны арванхоёрдугаар сарын 31-нд төсөвт байгууллагын дансны үлдэгдлийн хурааж аваад заримыг нь одоо болтол хуваарилж өгөөгүй байна. Ингэж төсөв захирагч нарын эрхийг боогдуулах ёстой гэж үү. УИХ, Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг түншлэлийн байр сууринаас авч үздэггүй. Энэ байдал өмнөх Засгийн газрын үед ч байсан. Үйлдвэрчний салбар гурван холбооноос 2004 оны арваннэгдүгээр сарын 10-нд УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52000 төгрөг, амьжиргааны доод төвшинг 36000 төгрөгт хүргэх, төсөвт байгууллагад ажиллагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тус бүр 25 хувь нэмэгдүүлэх санал, шаардлага тавьсан.

Хариуд нь 2004 оны арван хоёрдугаар сарын 28-нд НХХ-ийн сайд Ц.Баярсайхан 2005 онд цалин, хөлсийг 25-30 хувиар нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн" хэмээн мэдээлэв.
Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны, Хувийн хэвшлийн, ХМ хүнсчдийн, Ажилтан, албан хаагчдын, Эрүүл мэндийн ажилтны, Барилгын, Авто замчдын, Худалдаа, үйлчилгээний ажилтны ҮЭХ-доос Засгийн газарт 16 заалт бүхий мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд энэ сарын 26-нд болох МҮЭ-үүдийн холбооны ерөнхий зөвлөлийн хуралдаанаас өөрсдийнх нь тэмцэл дэмжлэг авна гэдэгт найдаж байгаа юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.