2008.01.12

Ц.Баярсайхан: Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэснээсээ ухрахгүй

Хөгшид тэтгэврийн зөрүүг энэ сард багтаан арилга хэмээн жагссантай холбогдуулан НХХ-ийн сайд Ц.Баярсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр, 2005 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, тэтгэврийн зөрүүг арилгахад 17,7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний 4,7 тэрбумыг нь тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулна. Хэрхэн зарцуулах тооцоо, су-далгааг гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна. Уг нь энэ ажлын хэсэгт цуглаан, жагсаалыг зохион байгуулаад байгаа "Тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах түр хороо"-ныхон багтсан. Тэдэнд бүх мэдээлэл нээлттэй байгаа. Төсөв хэлэлцэж эхлэх үеэс л энэ түр хорооныхон бидэнтэй санал солилцож хамтран ажиллаж эхэлсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд, өнгөрсон онд тэтгэврийг хоёр дахин нэмэхэд ихэнх зөрүү нь арилсан гэж үзэж байгаа. Хэрэв одоогийн шаардаад байгаагаар тэтгэврийн зөрүүг бүрэн арилгана гэвэл 22 тэрбум төгрөг хэрэгтэй. Харин энэ жилийн боломж 4,7 тэрбум байна. Үүнийхээ хүрээнд л зөрүүг арилгана гэж ярилаа.
Сайдаас,

-Тэтгэвэр авагчид энэ сард зөрүүг арилга гээд байгаа. Ийм боломж бий юү гэж асуухад:

-Ажлын хэсэг тооцоо судалгааны ажил хийж байгаа. Үүнийг дууссаны дараа л өгөх ёстой хүнд нь өгч зөрүүг арилгана. Гэхдээ 4,7 тэрбумынхаа л хүрээнд. Энэ нь тэтгэврийн зөрүү бүрэн төгс арилна гэсэн үг биш.

-Онцгой албан татварын тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ингэснээр тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулах орлого хасагдсан гэсэн?

-Сангийн сайдын хэлснээр найм орчим тэрбум төгрөг "алга болсон" гэсэн. Гэхдээ Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн амлалтаасаа ухрахгүй гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.