Бид хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг говьдоо үлдээмээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойлголтоо нэр мөр болгох үүднээс Оюутолгойн төслийн санхүүжилт, орд тойрсон зарим асуудлыг Уул уурхайн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас лавлаж тодруулав.
Эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээ тойрсон асуудал өмнө нь хэсэг хүний санаа зовсон асуудал байсан бол одоо Монгол төр гартаа оруулж авч байгаа нь чухал юм гээд зарим санаа бодлоо хуваалцав. Тэрбээр хэлэхдээ, юуны өмнө Монгол Улс одоо Оюутолгойд хууль ёсны байр сууриа эзлэх ёстой. Үүний тулд төслийн гүйцэтгэх удирдлагын багт өөрийн төлөөллийг оруулж ажиллуулах, төслийн санхүүгийн үйл ажиллагааны хяналт, оролцоо, ил тод байдлыг хуулийн дагуу явуулж байх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, ил тод болгох нь чухал гэлээ. Түүнчлэн төслийн санхүүжилтэд маш их анхаарч бодитой болгох, Монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг байх, бүтээгдэхүүнээ зөөх авто зам барих, эрчим хүчний тухайд Тавантолгойд барих цахилгаан станцаас цахилгаанаа авч байх, Ханбогд сумыг түшиглэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, усны хангамжид анхаарч гүний биш гадаргын усыг ашиглах бодлого барих шаардлагатай байгаа зэргийг хэлээд үүнийг хаана хаанаа нэг мөр барьж, нэгдмэл ойлголттой ажиллах нь чухал гэлээ.
"Оюутолгой бол бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэгчид бол манай түншүүд. Бид гэрээний хэрэгжилтийг хянана, гүйцэтгэлийг хангуулна. Бид хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг говьдоо үлдээмээр байна. Оюутолгой хуулийг яаж хэрэгжүүлдэг, яаж ил тод, хариуцлагатай ажилладаг соёлыг Монголд үлдээх ёстой" гэдгийг Ерөнхийлөгч энэ үеэр онцоллоо.