Төрийн нууцын жагсаалтын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хуралдаж, дараах санал дүгнэлтийг гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүдэд танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 01 дүгээр сарын 16, 23, 30-ны өдрүүдийн хуралдаанаар тус тус хэлэлцлээ.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар холбогдох яам, газруудаас бүрэн мэдээлэл авах, зарим асуудлыг тодруулах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4,6-д заасны дагуу 2 удаа завсарлага авсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд нар хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл тодорхойгүй, Засгийн газраас мэдээлэл хангалтгүй өгч байгаа тул Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэгт албан ёсоор мэдээлэл өгөх, Байнгын хороогоор асуудлыг цогцоор нь авч хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан.
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлаар шийдвэрлэсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу үндэсний дата төвийн болон улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг 2013 оны 1 дүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, 2013 оны 2, 3 дугаар улиралд багтаан тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу Байнгын хорооноос боловсруулан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн үед шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ !
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.