Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий Төлөвлөгөөний тодотголыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Улаанбаатар хот нь хот төлөвлөлтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон 5 удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж, 1954 онд боловсруулсан анхны ерөнхий төлөвлөгөөнд 1963, 1974, 1986, 2002 онуудад тодотгол, шинэчлэл хийж байжээ.
“Хот байгуулалтын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад УИХ “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батална” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулан өргөн мэдүүлж байгаагаа салбарын сайд хэллээ.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий Төлөвлөгөөний тодотголыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдснаар урт болон 4 жилийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж, Улаанбаатарын бүс болон хотын нутаг дэвсгэрийн ашиглалт, үүрэг зохицуулалт тодорхой болж, хот, тосгоны хөгжлийн бодлогод тулгуурласан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тогтолцоо бий болох, хүн амын суурьшил, хотын өсөлтийг хот байгуулалтын бодлогоор зохицуулах зэрэг нөхцөл бүрдэн аюулгүй байдал хангагдана гэж үзэж буйгааг төсөл санаачлагч илэрхийлсэн юм.
Иймээс хот төлөвлөлт, газрын бодлого, менежментээ зах зээлийн нөхцөлд нийцүүлэн улам боловсронгуй болгож, иргэдийн орон сууцны нөхцлийг сайжруулах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн амьдралыг хөгжүүлэх, хууль эрхзүйн асуудлыг зохицуулж олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэр, Азид тэргүүлэх аялал жуулчлалын бүсийг байгуулах замаар орчин үеийн хүчирхэг эдийн засаг бүхий нийслэл хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн, хөгжлийн чиг хандлагыг энэхүү төлөвлөгөөнд тодорхойлжээ