Сайд Л.Болд БНСУ-д айлчилж байна
Гадаад харилцааны сайд Л.Болд. 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдийн БНСУ дахь ажлын айлчлал.
2012.11.28

Сайд Л.Болд БНСУ-д айлчилж байна

Гадаад харилцааны сайд  Л.Болд  11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Ким Сун Хвантай  ажлын уулзалт хийж, мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад хэрэг, аюулгүй байдал, үндэсний нэгдлийн Байнгын Хорооны дарга Ан Хон Жүн, Цагаачлалын албаны дарга Ли Чан Сэ, БНСУ-ын Халла барилгын корпорацийн удирдлагатай  тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Уулзалтуудын үеэр сайд Л.Болд Монгол Улсын  “гуравдагч хөрш” болох БНСУ-тай “иж бүрэн түншлэлийн харилцаа”–г  бүх салбарт тогтвортой, харилцан ашигтай хөгжүүлэх, улс орны бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын тэргүүний технологийг нэвтрүүлэх, томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллахыг зорьж байгааг  илэрхийлэв. Мөн хоёр орны Ерөнхийлөгч нарын хамтран дэвшүүлсэн «Ардчиллын төлөөх Азийн Түншлэл» санаачилгыг хэрэгжүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлын  хүрээнд явагдаж байгаа арга хэмжээнд талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдав.

Монгол Улс 2013 оны 4 дүгээр сард  Улаанбаатар хотноо АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурал зохион байгуулахаар бэлтгэж байгааг мэдээлж, БНСУ-ын ГХХЯ-ны сайдыг урив.

ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талууд цаашид ч хамтарч ажиллахаар тогтов. Мөн БНСУ НҮБ-ын АЗ-ийн Байнгын бус гишүүнээр сонгогдсонд нь Монголын тал баяр хүргэв.  

Хоёр тал ногоон хөгжлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр дээд, өндөр түвшинд тохирсны дагуу Монгол улс  БНСУ-ын санаачилан байгуулсан Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнд гишүүнээр элсэх хүсэлтэй байгаагаа  мөн илэрхийлэв.

Сайд Л.Болд БНСУ-ын Цагаачлалын албаны дарга Ли Чан Сэ-тэй уулзах үеэрээ хоёр орны Засгийн газар хооронд Визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр байгуулж өнгөрсөн 10 дугаар сарын 26-наас эхлэн мөрдөж эхэлснийг   тэмдэглэж, энэхүү хэлэлцээр нь хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн өнгөрсөн нэг сарын хугацаанд  зарим анхаарууштай асуудал гарч байгааг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын иргэд БНСУ-ын виз мэдүүлэхэд тодорхой хэмжээний мөнгийг тодорхой банкинд байршуулах буюу барьцаа мөнгө шаардаж байгаа нь визийн нөхцлийг хөнгөвчлөх гэсэн хэлэлцээрийн зорилгод харшилж, виз мэдүүлж буй иргэдэд бэрхшээл учруулж байгааг онцлон тэмдэглэж, энэхүү журмаа хянаж илүү таатай нөхцөл олгохыг хүсэв. 

Солонгосын тал асуудлыг судлан үзэж,  улмаар хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд санал солилцож асуудлыг аль болох талуудад  таатай хэлбэрээр зохицуулахын төлөө ажиллахаар болов. Түүнчлэн сайд Л.Болд хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байдгийг дурдаж, гадаадын иргэдийг түр саатуулах газарт Монгол Улсын иргэн нас барсантай холбогдуулан талийгаачийн ар гэрийнхнээс гаргасан гомдол, хүсэлтийг анхааралдаа авч шийдвэрлэхийг  хүсэв. 

Сайд Л.Болд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, ахуй нөхцөлтэй танилцав.