Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд найрамдах Киргиз улсын гадаад хэргийн сайд Э.Абдылдаевтай албан ёсны хэлэлцээ хийв
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Абдылдаевтай 11 дүгээр сарын 12-нд Гадаад харилцааны яаманд албан ёсны хэлэлцээ хийв.
Сайд Л.Болд Монгол Улс БНКирУ-ыг Төв Азийн бүс нутаг дахь манай чухал түнш орон гэж үздэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 4 дүгээр сард тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд түүний энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Түүнчлэн Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр орны хувьд ардчиллын нэгдмэл үнэт зүйлс, байр сууриа бататган, бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг онцолж, ирэх оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайдын нарын 7 дугаар бага хуралд ноён Э.Абдылдаевыг оролцохыг урив.
Ноён Э.Б.Абдылдаев Монгол Улсад хийж буй түүний энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байгаа.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын хувьд хийж буй анхны айлчлал болохыг онцлов.
Тэрээр Монгол Улсын ардчиллын туршлагыг судлах эрмэлзлэлээ илэрхийлэхийн зэрэгцээ уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Хоёр тал хэлэлцээний үеэр бүс нутаг, олон улсын тавцанд үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид бүс нутгийн болон олон улсын тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Сайд нарын хэлэлцээ ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд болж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.
Энэхүү айлчлал нь киргизийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлж байгаа анхны айлчлал бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо.