Л.Болд сайд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чве Тэ Боктой уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд БНАСАУ-ын Ардын дээд хурал (АДХ)-ын дарга Чве Тэ Бок-той Их тэнгэр цогцолборт уулзав.
2012.11.22

Л.Болд сайд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чве Тэ Боктой уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНАСАУ-ын Ардын дээд хурал (АДХ)-ын дарга Чве Тэ Бок-той өчигдөр Их тэнгэр цогцолборт уулзав. Уулзалтаар сайд Л.Болд, БНАСАУын Ардын Дээд Хурлын даргын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллагуудын төдийгүй, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Тэрээр энэ завшааныг ашиглан БНАСАУ, Японы Засгийн газар хоорондын уулзалтыг Улаанбаатарт хүлээн авах манай талын саналыг дэмжсэнд Солонгосын талд талархал илэрхийлж, уулзалт амжилттай болсонд баяр хүргэв. АДХ-ын дарга Чве Тэ Бок, БНАСАУ нь Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэж ирсэн бөгөөд цаашид харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа мэдэгдсэн.

БНАСАУ-ын АДХ УИХ-ын хамтын ажиллагаа Азийн парламентын холбоо зэрэг бүс нутаг, олон улсын тавцанд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлого нь Монголын ард түмний эрх ашигт нийцэн амжилтанд хүрч байгаад баяр хүргэж, дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ БНАСАУ, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр төвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцлов.

Тэрээр улс орныхоо нийгэм эдийн засгийн байдал, хөгжлийн амжилтын талаар мэдээлж, Солонгосын хойгийн сүүлийн үеийн улс төрийн байдлын талаар өөрийн улсын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлав.