Нүүрс байгаль эхийг түгшээв
Эрдэмтдийн тогтоосноор дэлхий даяар нүүрсний ашиглагдаагүй орд газар мянга гаруй бий. Уур амьсгалын хурдацтай өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч, карбоны хорт хийг хязгаарлахын тулд дэлхий нийтээрээ атомын цахилгаан станцаас татгалзах хандлага нэмэгджээ. Найман тэрбум хүнийг гэрэл цахилгаан, дулаанаар хангахын тулд улс орнууд нүүрсийг цахилгаан, үйлдвэрлэлийн салбарт ашиглаж эхэллээ.
Одоогийн байдлаар дэлхийн 59 улсад 1200 гаруй нүүрсний орд газар ашиглагдаж байна. Үүний 1/3 нь Хятад, Энэтхэгт бий аж. Гэвч хүмүүс нүүрснээс болж дэлхийн ногоон бүсийг хайр гамгүй сүйтгэн, үнэлж баршгүй хохирол учруулжээ. Хятад улс нүүрсний зах зээлийн томоохон “тоглогч”. Урд хөршид 363 нүүрсний орд газар ашигладаг бол Энэтхэгт 455 ордоос олборлолт хийж байна.
Олон улсын ашигт малтмал судалгааны хүрээлэн (WRI) энэ онд дэлхийн 30 гаруй улс цөмийн реактороос эрчим хүч гарган авахаа зогсоосныг мэдэгдлээ. Тус байгууллагын мэргэжилтэн Аелун Яан “Олон улс нүүрсний зах зээлд хошуурах болсон нь тэд хямд зардлаар эрчим хүч олж авч байгаатай холбоотой. Дэлхийн ногоон байгууламжийг аврахын тулд цөмийн энергиэс татгалзана гэж мэдэгдсэн. Харамсалтай нь, тэдгээр улс цөмийн энергийн учруулж болзошгүй хохирлыг “Фүкүшима” АЦС-аас олж харсан учир ашиг бага, зардал, эрсдэл өндөртэй атомын станцуудаа хаасан. Тэдэнд нүүрс хэрэгтэй. Гэвч нүүрс байгаль орчныг улам бүр бохирдуулж байна” гэжээ.
Өмнөх зуунд Женевт хуралдсан НҮБ-ын байгаль орчны конвенцоор нэг тогтоол батлагдсан байдаг. Тогтоолд, хөгжиж буй улсууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар заасан. Гэвч АНУ, Хятад, Энэтхэг улсууд аль хэдийнэ тогтоолыг зөрчжээ.
Дэлхийн агаар мандлыг хамгаалж, ногоон байгууламж бүрдүүлэхийн тулд 10 саяас дээш хүн амтай хотууд хүлэмжийн хийгээ үнэмлэхүй бууруулах гэрээг Японы Киотод үзэглэсэн түүхтэй. Гэвч энэ гэрээ хэрэггүй цаас болон хувирсан нь аль ч улс үйлдвэрлэлийн салбараа хязгаарлаж чадахааргүй болсноос харж болох юм. Энэ протокол харьцангуй сүүлд батлагдсан ч хамгийн сүүлд Канад улс протоколоос гарснаа зарласан. Үүний өмнө өндөр хөгжсөн ихэнх улсууд Киотод баталсан шийдвэрийг дагаж мөрдөх боломжгүйгээ ил, тод мэдэгдсэн юм.
Олон улсын уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх (HSBC) байгууллагын тэргүүн Ник Робинс “Хэрэв та хүлэмжийн хийг бууруулах талаар бодож эхэлмэгц зөвхөн түүнийг үүсгэж байгаа хүчин зүйлстэй яаж тэмцэх вэ гэсэн асуултын өмнө гацна. Энэ бол нүүрс.
Хятадын 360 гаруй орд газар тус бүр жилд 20 сая ам.доллараас дээш ашигтай ажилладаг.
Энэ бүгдийг зогсооё гээд төсөөлөөд үз. Хэдэн тэрбум ам.долларын өр үүсч, хэчнээн сая иргэн хохирч, олон зуун үйлдвэрлэл зогсонги байдалд орно. Тэгвэл үүнтэй хэрхэн тэмцэх вэ. Нүүрснээс өөр байгаль орчинд хоргүй хэрнээ түүнээс ашигтай ашигт малтмал бий гэж үү. Гэхдээ бидэнд гарц байгаа. Тэр бол байгалийн хий. Харамсалтай нь байгалийн хийн томоохон ордуудыг дэлхийн толгой гүрнүүд атгаж байна.
Хэрэв хүн төрөлхтөн эрчим хүчээ байгалийн хийгээр авч эхэлдэг болбол олон улсад зөрчилдөөн үүсч, геополитикийн томоохон асуудал үүснэ” гэжээ.
ОУУАӨТ байгууллагын мэдэгдэж байгаагаар нүүрсний оронд байгалийн хийг ашиглахыг олон улсад уриалсаар байна. Харамсалтай нь, эдийн засгийн өндөр хөгжилтэй, түүний гол тулгуур нь нүүрснээс хамааралтай Хятад гэх мэт улсууд үүнийг биелүүлэх боломжгүйгээ удаа дараа мэдэгдэж байсан. Нүүрсний эрэлт нэмэгдэхийн хэрээр эх дэлхийн эрүүл мэнд доройтон, хар утаанд дарагдаж байгааг хүн төрөлхтөн анзаарах сөхөөгүй явна.