О.Баасанхүү: Дахин сонгууль он дамжвал Үндсэн хуулийн хямрал болно
-Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг батлаад, цаг хугацааг нь товлолоо. Харин МАХН ынхан энэ үед гишүүнчлэлээ сэргээж байгаа нь орон нутгийн сонгуульд ялалт байлуулах гэсэн эрмэлзэл гэж үзэх хүн байна?
- Сонгуульд ялна гэдэг бол тухай намын зорилго. МАН, Ногоон нам нь ч байна уу, бүгд л сонгуульд ялна гэж ордог. Тэр утгаар гишүүнчлэл сэргээх нь ялалтын эхлэл байхыг үгүйсгэхгүй. Бид ялахын төлөө бүх боломж, нөөцөө ашиглана. Намын удирдлага үүнд бүх хүч, анхаарлаа хандуулж байгаа.
-Холимог системээр явуулах нь зөв, буруу гэж намууд хороондоо талцсан зүйл байлаа. Харин танай намд энэ нь хэр ашигтай вэ?
-Би нам дотор өндөр албан тушаал хашдаг хүн биш, Бага хурлын гишүүн. Тиймээс намыг төлөөллөөд энэ нь зөв, тэр нь буруу гэж ярих нь ёс суртахууны хувьд зохисгүй. Хууль тогтоогчийнхоо хувьд хэлэхэд МАН, АН, “Шударга ёс” эвслээс ажлын хэсэг гараад ,тодорхой зөвшилцөл, ойлголцолд хүрээд хууль баталсан. Хувь хүнийхээ хувьд нэг зүйл дээр санал нэгдэхгүй байгаа.
Тэр нь 21 ний өдөр буюу өвлийн улиралд сонгууль явуулж байгаад санаа зовж байна. Таван цаг гэхэд харанхуй болдог, дээр нь хүйтэн болохоор иргэд санал өгөх үү гэдэг эргэлзээтэй. Хэрвээ ирц хүрэхгүй болчихвол дахин сонгууль явуулах болно. Дахин сонгууль нь он дамжвал Үндсэн хуулийн хямрал болно. Тиймээс цаг хугацаа нь зохисгүй л байна. Гэхдээ олонхиороо шийдээд хуулиа баталсан учраас хуулийг хэрэгжүүлэх нь зайлшгүй. Харин хүн бүрт хуулиа тайлбарлаж, сонгуульд идэвхтэй оролцуулаасай гэж хүсэж байгаа. Гишүүнийхээ хувьд энэ долоо хоногоос орон нутгаар явж хууль сурталчлая гэж бодож байна.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шүүмжлэлтэй хандаж хүн байна. Таны хувьд...?
-Нэгэнт баталсан болохоор явахаас өөр гарцгүй. Би зарчмын томоохон санал оруулсан ч бүгд уналаа. Гурван том санал оруулсан л даа. Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээг 51 хувиас дээш байлгах ёстой гэж. Компанийн тухай хуульд бүрэн эрх мэдлийн буюу хяналтын багцыг 100 хувь авсан нь 66 буюу түүнээс дээш хувь авна гээд байж байгаа. Үндсэн хуульд газрын доорхи баялаг ард түмний өмч, төрийн мэдэлд гээд тодорхой заасан.
Тэгэхээр би 49, 50 ийг зөвшөөрхгүй. Харин 51 хувийг хүсэж байгаа. Нөгөөтэйгүүр Оюутолгойн гэрээ хуулийн дагуу болсон уу, үгүй юү гэдгийг эрдэмтэн мэргэд, судлаачид гаргасан. Ганцхан ухаантай нь Ч.Сайханбилэг биш шүү дээ. Тэгэхээр энэ нөхрийг яагаад ингэж их улайраад байгаад гайхаж байна. Монголд ашигтай юм хийгээч гэснээс биш надад тустай юм хийгээ ч гэж гуйгаагүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээг надад харуулаад өгөөч гэж хэлээгүй. Монгол Улсад ашигтайгаар хийхээр бүгдээрээ сууцгааж ярилцая гэсэн. Тиймээс Оюутолгойн гэрээний асуудал дээр бусад гишүүний адил тэмцэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн дахин хуваарилалт хийхийн тулд татварын рефром хиймээр байна гэсэн санал оруулсан.
“Бороо гоулд”, “Энержи ресурс” зэрэг том компанийн шугамаар асар их мөнгө олж байгаа.
Харин жижиг компанитай адилхан 10 хувийн татвар төлж байна. Энэ нь утгагүй. Тиймээс том компанид өндөр татвар тавиад, жижиг компанид нь дөрөв, таван хувийн татвар тавихад юуных нь буруу байх юм бэ. Үүнд асуудал байхгүй. Гэтэл манай УИХ ын бүх гишүүн зөвшөөрөхгүй гээд татгалзсан. Тэгэхээр шинэчлэл гэдэг үгээр дулдуйдаж шинэчлэхгүй байгаад гайхаж байна.
-МАХН ын даргын талаар таагүй мэдээлэл гарч байна. Гадаадад мөнгө угаасан гэж байгаад намын зүгээс хэрхэн хандаж байна вэ?
-Шүүх хурал нь ойртоод ирэхээр яллах сонирхол нь нэмэгдээд ирдэг байхгүй юу. Би Нийслэлийн шүүхэд найдвар тавьж чадахгүй байгаа. Хатуухан хэлэхэд шударга талд нь. Яагаад гэвэл анхан шатны шүүх хурал болж байхад одоогийн УИХ д сууж байгаа хүнд гарууд мэдэгдэл хийгээд сууж байсан. Ялласны дараа чимээгүй алга болсон. Дараагийн шүүх хурал 27 нд болно гэдгийг нь мэдчихээд наана нь PR даж л байна. Би холбогдох эрх бүхий хүмүүсээс “Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэр олон хүн байдаг юм бэ” гэж асуусан. Үүнийг Н.Энхбаяр даргатай холбож асуугаагүй. Тэгэхэд “Ганцхан хэрэг шалгагдаж байгаа. Өөр ямар ч хэрэг байхгүй”гэсэн. Би тэр хүнд итгэж байна. Мөнгө угаах гэдэг өөр ойлголт. Тиймээс учраас юуг гүтгэх гээд байгаад их ойлгомжгүй байна.
Аливаа улстөрчийг хэрэгт унагаахын тулд эхлээд бөмбөгддөг. Н.Энхбаяр даргыг 15 жил хэвлэлээр бөмбөгдсөн байхгүй юу. Ажилдаа анхаараад тэр болгоныг нь тоодоггүй байсан. Харин нэг үгийг мянга давтахаар үнэн юм шиг болгоод, дээр нь муу нэр зүйлгэж байгаад араас нь дуртай юм аа ярьж байна. Нэг ёсондоо дуртай зүйлээрээ оролдож байгаа юм. Хэвлэлд гараад байгаа зүйлийн ард зохион байгуулагч этгээд байгаа. Түүнд зориулж хэлэхэд “Хүмүүнлэг ханд, битгий тэнэгтээд бай”. Амьдрал баялаг, ард түмэн тэнэг биш. Болдогсон бол Н.Энхбаяр даргыг 1937 он шиг буудаад алчихмаар байгаа юм билээ. Иргэдийн нүдэн дээр ил байгаа ч хатуухан хэлэхэд аажуухан алах оролдлого хийгээд юм уу гэж хараад байна.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал нь ямар байгаа бол. Та уулзсан уу?
-Зөвшөөрөл өгөхгүй байна. Нийслэлийн шүүхээс нэг л удаа зөвшөөрөл өгсөн. Тэр нь гадаадын хүнтэй уулзахад нь орчуулагчийн үүрэгтэйгээр өгсөн юм. Түүнээс биш хуваариа уулзах гэхэд зөвшөөрөл өгөхгүй байна. “Би энэ хүний өмгөөлөгчөөр ажиллах гэж хүсэж байсан. Өдөр болгон энэ хүнтэй уулзаж ярилцмаар байна” гэхэд н.Алтанчимэг гэдэг шүүгч уулзуулахгүй гэсэн. Манай хуулийн байгууллага олон улсын хэмжээнд нүдний булай болоод сууж байгаа. Хүн гүтгэж ингэж явахаа болиосой гэж хүсэж байна.