“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн өргөн барилаа
2012.11.01

“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2012.11.01/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль 2012 оны есдүгээр сард шинэчлэгдэн батлагдаж, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтад “Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, түүний итгэмжлэгдсэн ажилтны болон сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжийг сонгуулийн хороонд хүргэх, сонгуулийн хорооноос татан авах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнтэй холбогдох бусад зардал болон цагдаагийн хамгаалалтын зардлыг тухайн байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ” гэж заасан байдаг.

Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Хууль зүйн сайдын төсвийн багцад тусгаагүй байгаа юм байна. Уг заалтыг хэрэгжүүлэхэд нийт 1,843,4 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг Хууль зүйн сайдын 2012 оны төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжгүй хэмээн салбарын сайд үзэж буйгаа УИХ-ын даргад мэдэгдлээ. Иймд энэхүү зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судлан үзээд, Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын төсвийн багцын зарцуулагдахгүй үлдэгдлээс санхүүжүүлэх боломжтой хэмээн УИХ-ын шийдвэрийн төслийг ийнхүү боловсруулан өргөн барьж байгаа юм байна.

СЕХ-ны даргын 2012 оны төсвийн багцад Улс төрийн намын тухай хуулийн 19.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан хүчинтэй саналыг нийт хүчинтэй саналын тоонд харьцуулах зарчмаар, нэг саналд нэг мянган төгрөгөөр тооцон, УИХ-д суудал бүхий намд нэг удаа олгох мөнгөн дэмжлэгт 3,8 тэрбум төгрөг төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр 1,4 тэрбум төгрөг санхүүжүүлж, 2,4 тэрбум төгрөгийн зарцуулагдахгүй үлдэгдэлтэй байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.