О.Чулуунбат: Манай улсын эдийн засагт занал хийлсэн зүйл байхгүй ч ойлголттой байх хэрэгтэй
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ХБНГУ-ын Кондрад-Аденауэрийн сантай хамтран зохион байгуулсан "Эдийн Засгийн Аюулгүй байдал" сэдэвт семинар өчигдөр болж өндөрлөлөө. Семинарыг УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГББХ-ны дарга Э.Мөнх-Очир нээж хэлсэн үгэндээ, Өнгөрсөн онд УИХ-аас Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлан гаргасан. Эдийн засгийн хувьд сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн үзүүлэлт гарч байгаа хэдий боловч бидэнд анхаарах зүйлс байсаар байна. Тухайлбал, эдийн засгийн олон тулгуурт бодлогыг явуулж, асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа юм. Шинэчилсэн үзэл баримтлал батлагдан гарснаас хойш дал гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах судалгаа гарсан байна. Энэ утгаараа Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэж эхэлж байна. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо харилцан солилцох байх гэдэгт найдаж байна хэмээн дурдсан юм.
Үүний дараагаар Конрад-Аденауэрийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Иоханнес Д.Рай үг хэлсэн. Тэрээр, Бид 1993 оноос хойш Монгол Улсад тасралтгүй хорин жил үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сан дэлхийн ная гаруй оронд улс төрийн боловсрол олгох үйл ажиллагааг явуулдаг. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн хорин жилийн хугацаанд улс төрийн тогтвортой байдлыг бий болгож чадсан гэж хэлэх байна. Улс төрийн тогтвортой байдал нь 'эдийн засгийн үндэс суурь болдог учраас баяр хүргэх нь зүйтэй болов уу. Аливаад сайны хажуугаар саар зүйл байдаг шиг шүүмжлэлтэй хандах асуудал ч байгаа. Тухайлбал, Компани, аж ахуйн нэгжид оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл ил тод биш байдаг. Тодорхой мэдээ, тоо баримт олоход тун хүндрэлтэй байгааг анхаарах хэрэгтэй. Ирээдүйд Германы олон компани Монголд хөрөнгө оруулалт хийхийг үгүйсгэхгүй. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад улс төрийн тогтвортой, мэдээллийн ил тод байдлыг хадгалж ажиллах нь чухал гэдгийг хэлэхийг хүссэн юм" гэлээ.
Уг семинарын эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат "Эдийн засгийн аюулгүй байдлын үндсэн асуудлууд" сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлд, Манай улсын эдийн засагт ерөнхий заналхийлсэн зүйл байхгүй ч гэлээ бид зөв ойлголттой байх Хэрэгтэй. Социализмын үед нэг орны халхавчин доор ЗХУ-ын мэргэжилтэн, техник технологийн тусламжтай амьдардаг байсан. Үүнийгээ эдийн засгийн аюулгүй байдал гэж ойлгодог байлаа. Одоо бүх зүйл өөр болжээ. Улс орноо хорин жилийн дотор олон улсжсан болголоо. Дэлхий дахинд Засгийн газрын өмчөөр үйл ажиллагаа явуулахаа больж байна. Төрийн өмчийг шүтэхээс илүү олон нийтийн өмчийг бий болгох нь зүйтэй. Энэ нь нөгөө талаар хяналтыг бий болгож байна гэсэн үг юм. Эдийн засгийн аюулгүй байдлыг хүн нэг бүр дээр ярих хэрэгтэй. Иргэн хүн тогтвортой, таатай орчинд амьдрах нь чухал. Нөгөө талаар Монголын зэс, нүүрс, уран гэх мэт баялаг дэлхийн худалдааны эдийн засагт бага боловч нөлөөлдөг байх хэрэгтэй. Ингэж чадвал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал хангагдах нэг үндэс болох юм хэмээн онцоллоо. "Эдийн засгийн аюулгүй байдал" семинарт Монгол банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал "Үндэсний аюулгүй байдал ба нийгмийн дундаж давхарга" сэдвээр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаД.Баттөр"Төсөв,санхүүгийн аюулгүй байдал" сэдвээр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Санхүүгийн хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах бодлогын зарим асуудлууд" сэдвээр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт "Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөлөл, түүнийг шийдвэрлэх арга замууд" сэдвээр, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг гадаадын шууд хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого" сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Эх сурвалж: Үндэсний мэдээ Ш.Адима