2012.06.09

Хятад улс 10 тэрбум долларыг ШХАОБ-д зээлнэ

Шанхайн хамтын ажил­­­­лагааны ор­нуудын бай­гууллагын /ШХАОБ/ ээлжит саммит Бээжинд хоёр өдөр болж, өндөрлөлөө. Улс орнуудын тэргүүнүүд “Бүс нутагт аюул учрах, заналхийлсэн тохиолдолд дипломат шугамаар арга хэмжээ авах” баримт бич­гийг сайшааж, мөн 2015 он хүртэл терроризм, сепаратизм, экст­ремизмтэй тэмцэх хөтөлбөрийг дэмжлээ. Түүнчлэн ШХАОБ-ын дунд хугацааны стратегийн ханд­лагыг тодорхойлсон байна.


Манай хоёр хөрш ОХУ, Хятад улс бүх салбарт, түүний дотор батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр тохиролцжээ. Ингэхэд 2020 он гэхэд хоёр орны бараа эргэлт 200 тэрбум долларт хүрэх аж.

Хятадын дарга Ху Жинтао “ШХАОБ нь бүс нутагт энх тайвныг тогтоох, тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл боллоо” хэмээн тэмдэг­лэв. Тэрбээр “Хятад улс 10 тэрбум долларын зээлийг ШХАОБ-ын гишүүн орнуудад өгч, хамтарсан олон төсөл хэрэгжүүлэхэд тусална. Манай орнуудын эдийн зас­гийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх гол алхам нь ШХАОБ-ын хөгжлийн банк” хэмээжээ. Түүнчлэн ШХАОБ дотор нэгдсэн тээврийн дэд бүтэц, авто машин болон төмөр замын сүлжээтэй болохыг хятадууд санал болгов. Мөн гишүүн орнуудын агаарын нислэг, харилцаа холбооны салбарыг хөгжүүлж, эрчим хүчийг зөөвөрлөх нэгдсэн систем байгуулах гэнэ. Энэ зорилгоор Хятад улс ирэх гурван жилд ШХАОБ-ын 1500 мэргэжилтнийг сургаж, таван жилийн турш 30000 оюутанд тэтгэлэг олгон, Күнзийн хүрээлэнгийн 10000 багш, оюутанг гишүүн ор­нуудад ажиллуулахаар ил­гээнэ.

Ху Жинтао дарга “Олон улсын аливаа асууд­лаар ШХАОБ-ын ги­шүүд нэгдсэн байр суурьтай байвал зохино” хэмээжээ. Энэ талаар зарим ажиглагч “ОХУ, Хятад хоёр ШХАОБ-ын нөлөөг тэлж, АНУ-ын байр суурийг ганхуулахыг хүсч байна. Ингэснээр АНУ дэлхийн улс орнуудын дотоод хэрэгт “хошуу дүрэхээ” болих биз” гэж мэдэгдлээ. Үүнийг батлах мэт ШХАОБ цэргийн сургуулилт тогтмол хийж байгаа. Удахгүй зургадугаар сарын 8-14-нд ШХАОБ-ын 2000 гаруй цэрэг Тажикистанд “Энхийн даалгавар 2012” хээрийн сургуулилтад орол­цох юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАОБ-д элсэх шинэ дүрэмтэй болж, тус байгууллагын хүрээнд тер­роризм, хар тамхины наймаа, мафийн эсрэг төв байгуулахыг санаачилжээ.

ШХАОБ-ыг 2001 онд ОХУ, Хятад, Казахстан, Та­жикистан, Киргиз, Уз­бекис­­таны удирдагчид хамтран байгуулсан юм. Харин Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагч, харин Белорус, Шри-Ланк түнш­лэлийн орны статустай байдаг. Энэ саммитын дүнд Афганистан ажиглагчаар, Турк түнш орноор нэмэгдсэн. В.Путин ШХАОБ-ын генсекээр Оросын Д.Мезенцевыг томилуулсан. ОХУ, Хятад тэргүүтэй орнууд ийнхүү Сири, Иран руу өрнөдийнхнийг халдан орохын эсрэг хатуу зогсоно гэдгээ харууллаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.