Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтынхан биш хотын удирдлага өгдөг болно
Монголын барилгын салбарт хойшлуулшгүй шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдаад байгаа. Шинэхэн ажлаа аваад хоёр сар болж байгаа УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр халуун ам бүлд нь 30 гаруй мянган мэргэжлийн барилгачин ажиллаж, Монгол Улсын эдийн засагт шийдвэрлэх үүрэгтэй оролцож байгаа ч сүүлийн үед элдвээр хэлэгдэх болсон барилгын салбарыг өөрчлөн сайжруулах хоёр шинэчлэлтээ зарлажээ.
Өнөөдөр манай барилгын салбарт 670-аад норм, 420-иод стандарт мөрдөгддөг ч зарим нэг нь огт хэрэглэгдэхээ больсон, нэлээдийг нь техник, технологийн шинэчлэлтэй холбоотойгоор цаг үедээ тааруулан өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон байдаг.
Барилгын салбарын норм, стандарт, технологийн бүх л шинэчлэлтийг зургаан чиглэлээр хийхээр төлөвлөжээ. Юуны өмнө Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулснаар энэ салбарт ажилладаг байгууллагуудаас шаарддаг таван төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн обьект, барилгад шууд өгдөг зарчимд шилжих аж.
Мөн тусгай зөвшөөрлийг авахын тулд 120 орчим албан тушаалтны гарын үсэг цуглуулж, цаг заваа барж, авлига хээл хахууль цэцэглүүлдэг өнөөдрийн хүнд суртлыг халж, ердөө л 24-25 эрх бүхий хүний гарын үсэгтэй зөвшөөрлөөр барилгын ажил эхлэх журамд шилжих гэнэ. Хамгийн гол нь, өнөөдөр барилгын салбарт үүссэн хээл хахууль, хүнд суртлын гол цөм болсон барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллага биш хотын удирдлагаас шууд шийдвэрлэж байхаар шинэ хуулинд тусгасан нь Монголын барилгын салбарт үүссэн бүхий л маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх гарц болох юм.
Түүнчлэн баригдах барилгад зураг төслийн экспертиз хийж, цаг хугацаа алддаг өнөөгийн хоцрогдсон арга барилыг халж, барилгын салбарт даатгалын тогтолцоог цогцоор нь оруулж ирэхээр барилгын хуульд тусгажээ. Барилгын салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэх гурав дахь том чиглэл нь Газрын багц хуулийг ойрын үед Засгийн газарт өргөн барих явдал.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа 800 гаруй барилгаас 174 нь зөвшөөрөлгүй байсан нь Монголын барилгын салбарын хууль эрх зүйн орчин хэрхэн доголдож, өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй болсны хамгийн бодитой жишээ юм.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн системд шилжсэн шилжилтийн хүнд хэцүү цаг үед эдийн засгийн тэргүүлэх салбар болж, 30 гаруй мянган барилгачны хөлс хүчээр эх орныхоо хөгжлийг урагш нь чангааж байсан энэ салбарын гавьяаг хэрхэвч доош нь хийн үгүйсгэж болохгүй. Баригдаж байгаа барилга бүрийн цаана эдийн засгийн шууд болон шууд бус, мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй хөрөнгө оруулалт явагдаж байдаг.
Харагдах байдлаараа ширхэг тоосго 340 төгрөг хэдий ч барилгын салбарын нэг эд эс болоод явчихаараа түүний бодит бус үнэ хэд дахин өсөх жишээтэй.
2008-2012 оны байдлаар 100 гаруй барилга дуусаагүй байгаа. Эдгээр барилгад л гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Зөвхөн дуусаагүй 100 барилгад шүү. Тэгэхээр энэ хугацаанд ашиглалтад орсон 300 гаруй барилга хэдий хэмжээний хөрөнгө зардлаар боссон нь ойлгомжтой.
Эцэст нь тэмдэглэхэд барилгын салбарыг “балбаж нураах” бус хууль эрх зүйн орчинг нь өнөөдрийн амьдралд нийцүүлэн сайжруулж, бүтээн байгуулах нь яг өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа.