2012.04.30

Оросын сонгуулийн үеэр 3000 зөрчил бүртгэгджээ

Москва. /Би-Би-Си/. Орост болсон Ерөнхийлөгчийн болон Думын сонгуулийн үеэр 3000 зөрчил гарсныг тус улсын Ерөнхий прокурорын газар /ЕПГ/ бүртгэсэн байна. Энэ тухай Холбооны Зөвлөлд илгээсэн тус байгууллагын илтгэлд дурджээ.

"Хууль зөрчиж болохгүй гэсэн 700 анхааруулга өгч, прокурорын тогтоолоор 95 хүнд захиргааны хариуцлага хүлээлгэж, прокурорын материалаар эрүүгийн хоёр хэрэг үүсгэлээ" гэж баримт бичигт дурдсан байна.

Гэхдээ "сонгуулийн хуулийг зөрчсөн нь сонгуулийн кампанит ажлын дүнд нөлөөлөөгүй" гэж ЕПГ үзжээ. Сонгуулийн үеэр гарсан зөрчлийг илрүүлэх "Голос" холбооны сайтад мэдээлснээр, гуравдугаар сарын 4-нд болсон сонгуулийн үеэр 6491 гомдол, Думын сонгуулийн үеэр зөрчлийн тухай 7801 мэдээлэл хүлээн авсан байна.

Олон нийтийн өөр нэг байгууллага болох Сонгогчдын холбооны мэдээлснээр, ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр хоногийн дараа зөрчлийн тухай 5000 орчим тайлан иржээ.

Тэрчлэн тус холбооны зарласнаар, сонгуулийн кампанит ажлын нөхцөл нэр дэвшигчдийн хувьд илэрхий харилцан адилгүй байсан, санал хураалтын үеэр их хэмжээний луйвар орсон талаарх нотолгоо нь Оросын ерөнхийлөгчийн сонгуулийг эрх тэгш, чөлөөтэй, шударга болсон гэж хэлэх боломж олгохгүй байна.

Тэдний тооцоолсноор, эфирт гарах хамгийн таатай боломж В.Путинд байсан нь наад зах нь 10 хувийн санал нэмж авахад нь нөлөөлжээ. Албан ёсны мэдээгээр, Путин сонгогчдын 63,6 хувийн саналыг авсан билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар 11 бүс нутгийн ажиглагчдын ирүүлсэн протоколууд болон албан ёсны дүн хоорондоо зөрж байгаа талаар Сонгогчдын холбоо Ерөнхий прокурорын газар болон Мөрдөн шалган комисст дөрөвдүгээр сарын 23-нд гомдол мэдүүлсэн байна. Ийм ялгаа гарсан нь Путины төлөө хуурамч санал өгснийг гэрчилж байна гэж тус холбоо үзэж байгаа юм.

Харин Ерөнхий прокурорын газрын илтгэлд хоёр сонгуулийн үеэр хууль зөрчсөн ямар нэг тодорхой баримт илэрсэн тухай дурдаагүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.