Иргэний ухаалаг үнэмлэхээр саналаа өгөх боломжгүй хэмээн мэдэгдлээ
2012.04.27

Иргэний ухаалаг үнэмлэхээр саналаа өгөх боломжгүй хэмээн мэдэгдлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  /дөрөвдүгээр сарын 26-ны Пүрэв гараг/ хуралдаанаар “УИХ-ын ээлжит сонгууль товлон зарлах тухай" болон “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын хоёр тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны, Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлын явцын талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг тус тус сонслоо.Хуралдааны эхэнд сонгууль товлон зарлах асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхбат анхааруулж хэлэхдээ сонгуульд цахим техник, технологи ашиглах нь маш дэвшилттэй зүйл болохыг онцлон тэмдэглээд “10 хоногийн өмнө ИЗНН-ынхан сонгуулийн санал тоолох машинтай эцэслэн танилцсан. УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхнээс олон хүн урьсан боловч нэг ч хүн ирээгүй.

Санал тоолох машины хувьд автомат тооллого дээрээ гараар нэмж тоолохгүйгээр үр дүнд нь итгэх ямар ч үндэслэгүй юм байна билээ. Энэ асуудлыг хэлэцээд ирэхээр сонгуулийн товыг ч хөдөлгөх асуудал гарч магадгүй юм” гэлээ.“УИХ-ын ээлжит сонгууль товлон зарлах тухай" тогтоолын төсөлтэй холбогдуулан олон гишүүн асуулт тавьж санал хэлсний дотор сонгуулийн хуулийг өөрчлөх боломжгүй байгаа өнөөгийн нөхцөлд хяналтын тусгай процедурууд байх эсэх, жишээ нь, саналын хуудасны урд талын улаан дөрвөлжин нүднээс өөр газар нэмэлт тэмдэглэгээ хийсэн тохиолдолд уг хуудас хүчингүй болох эсэх, санал тоолох машины программ хангамжийг шалгах потенциал байгаа эсэх, яг энэ машин Монгол
 
Улсын сонгуулийн хуулийн шаардлагыг хангаж байгаа гэдгийг хэн гэрчилгээжүүлж, сонгуулийн дүнд аудитын шалгалтыг хэрхэн хийх, цаасаар болон файлаар байгаа саналын хуудсуудыг тулгаж үзэх процедур ямар байх, УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийг хамт явуулсан тохиолдолд хоёр нэр дэвшигчийн саналын хуудсууд бие биеэсээ хэрхэн ялгарах, өнөөдөр хүчин төгөлдөр байгаа иргэний үнэмлэхийг хэсгийн хороод дээр тухайн хүний хурууны хээтэй тулгах ажлыг хэрхэн зохион байгуулах зэрэг олон асуудал яригдсан юм Тухайлбал, Д.Очирбат гишүүн дэлхийн сонгуулийн практикт гарсан хэд хэдэн зөрчлөөс дурдаж:

-2002 онд АНУ-ын Умард Каролина мужид болсон сонгуулийн үеэр автомат системээр санал тоолоход 5500 санал алдаж тоолсон байсан, мөн онд Канзас мужийн амбан захирагчийн сонгуулийн үеэр автомат системийн дүнгээр ялагдсан гэж гарсан хүн саналын хуудасны гар тооллогоор ялсанд тооцогдсоныг сануулаад “Одооны хуулиар энэ хоёр тооллогын дүнг харьцуулан гаргах боломж байхгүй, санал тоолох машины чип, программ хангамжийг хэн дуртай нь яаж ч өөрчилж болно, тиймээс эдгээр машиныг дахин шалгаж үзэх ёстой хэмээн Д.Энхбат гишүүнийг дэмжиж байв.УИХ-ын сонгуулийн тов зарлах хуулийн хугацаа дуусаж буй энэ үед цахим үнэмлэх хариуцан ажиллаж байгаа Засгийн газрын байгууллагууд болон гадаад, дотоодын компаниуд техник технологийн тодорхой хүндрэл саатлын улмаас энэ сонгуульд иргэний ухаалаг үнэмлэхээр санал өгөх боломжгүй болсныг өнөөдөр УИХ-д албан ёсоор мэдэгдсэн юм.

Тиймээс өнөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа иргэний үнэмлэхээрээ саналаа өгөх чиглэл яригдахад хүрч, иргэний бүртгэлийн нэгдсэн санд байгаа хурууны хээтэй тулгах ажлыг хэрхэн зохион байгуулах, нууцын зэрэглэлийн энэ мэдээг хэсгийн хороодод хүргэх технологийн шийдэл ямар байх талаар гишүүд нэлээд маргалдлаа.

Эцэст нь “УИХ-ын ээлжит сонгууль товлон зарлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны пүрэв гараг байхаар товлох, хуульд заасан ёсоор энэ өдрийг амралтын өдөр болгох тогтолын заалтыг гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Харин дээрх тогтоол дахь “УИХ-ын санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” автоматжуулах техник хэрэгслийг ашигласугай” гэсэн 4 дэх заалт уг тогтоолд байх шаардлагагүй гэж үзлээ.

“Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хувьд 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16,8 тэрбум төгрөгөөр тогтоох, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авахад 300 сая төгрөг зарцуулах заалтыг тус тус дэмжин УИХ-д оруулахаар болов.Дээрх тогтоолын төслүүдээр гишүүдийн саналыг авсны дараа СЕХ-ны сонгуулийн бэлтгэл ажилд учирч буй хүндрэл бэрхшээл болон иргэний цахим үнэмлэх хэвлэхэд тулгарч байгаа техник, технологийн чанартай саатлын талаар дахин удтал хэлэлцсэний эцэст иргэний ухаалаг үнэмлэх хэвлүүлж чадаагүй нөхцөлд сонгогчдын бүртгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулж сонгуулийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар засгийн газрын холбогдох байгууллагуудтай зөвшилцөх, УИХ-аас дэмжлэг авч шийдвэрлүүлэх тодорхой асуудлаа боловсруулан оруулж ирэхийг СЕХ-нд үүрэг болгосны дээр сонгуулийн автомат системтэй холбоотойгоор үүсэх хариуцлагын асуудлын тухайд УИХ-ын сонгууль дууссаны дараа Улсын Аудитын Газраар аудит хийлгэх асуудлыг Байнгын хороо анхааралдаа авах нь зүйтэй хэмээн үзлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.