2012.04.25
Тавантолгойг Монголчууд өөрсдөө ашиглаж чадна
Монголын Засгийн газар нүүрсний Тавантолгой орд газрын баруун хэсгийг бие даан ашиглах шийдвэр гаргаж магадгүй гэж Эрдэнэс-Тавантолгой төслийн оператор-компанийн топ менежер хэлэв.
Монгол Улс орд газартаа хөрөнгө оруулагч олохыг нэлээд хэдэн жил оролдож байна, гэхдээ оролцох хүсэлтэй янз бүрийн компани болгоны ашиг сонирхлыг харгалзаж үзнэ гэдэг нь эргэлзээтэй гэж Эрдэнэс-Тавантолгойн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Грэм Хенкок мэдээллээ. "Миний бодлоор, энэ группыг консорциумд нэгтгэхэд маш хэцүү. Консорциум байгуулахгүй байх магадлал өндөр байна" гэж Хенкок хэлжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улс Тавантолгойн ордод олборлолт явуулах тендерт Америкийн уул уурхайн "Peabody Energy" компани, Хятадын "Senhua" болон Оросын төмөр зам оролцсон консорциум ялсныг зарласан. Үүний дараа тендерт ялагдсан Япон, Өмнөд Солонгосын компаниуд тендерийн дүнгийн талаар Монголын Засгийн газарт гомдол мэдүүлсэн билээ.
Ялсан компаниуд зургаан тэрбум тоннын нөөцтэй, дэлхийд томоохонд тооцогдох ашиглагдаагүй нүүрсний орд газар болох Цанхи хэсгийг олборлох эрхтэй болсон юм. Тавантолгойн баруун хэсэгт орших Цанхид 1,2 тэрбум тонн нүүрс, түүний 65 хувь нь ган үйлдвэрлэхэд тохирох коксжих нүүрс байдаг.
Хенкокийн үзэж буйгаар, зургадугаар сард болох Монголын парламентын сонгуулиас наана консорциумын бүрэлдэхүүн тодорхой болохгүй л болов уу. Компани нь хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах эсэхээс үл хамааран тав эсвэл зургадугаар сард Тавантолгойн баруун хэсэгт олборлолт явуулж эхэлнэ гэдгийг Хенкок хэлжээ. Тус орд газраас жилд 2,5 сая тонн нүүрс олборлож байгаа бол 2013 он гэхэд 6 сая тонн, цаашдаа 20 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.