Барилгын салбарт шалгалт хийнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх аргачлал" сэдэвт практик сургалт маргаашнаас эхлэн явагдахаар бэлтгэгдсэн байна.
Сургалтад аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нийт 40 хүн хамрагдахаар болжээ.
Сургалтын агуулгын хувьд хяналтын хуудас ашиглаж, хяналт шалгалт хийх аргачлал, байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хамтарсан шалгалт хийхээр төлөвлөгөө батлагдсан аж. Тодруулбал, сургалтад хамрагдаж буй байцаагчид гурав гурваараа 13 бүлэг болж барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хийх хяналт шалгалтыг хяналтын хуудсаар хийж, илэрсэн зөрчилд тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэнэ.
Ингэснээр тухайн шалгалтын үр дүн дээшилнэ гэж сургалтыг зохион байгуулагчид үзжээ. Дээрх сургалтад оролцсон байцаагчид энэ сарын 22,23-нд зохион байгуулагдах "Нэн түрүүнд ХАБ" (Хөдөлмөрийн Аюулгүй Байдал) сэдэвт бага хурал, үзэсгэлэнд оролцох юм байна. Тус бага хурлыг МХЁГ, НХХЯ, ЭБЭХЯ, МУУҮА хамтран зохион байгуулахаар болжээ.