В.Путин ашигтай ажлын байр, амбицтай хүмүүс чухал гэж үзжээ
Бизнесийн үйл ажиллагааг төрийн зүгээс хянах үзэл суртал юуны өмнө түүний шударга байдал дээр тогтох ёстой хэмээн "Ведомости" сонинд нийтлэгдсэн эдийн засгийн хөгжлийн тухай өгүүлэлд ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Ерөнхий сайд В.Путин онцолсон байна. Хувийн хөрөнгө оруулалт тийм ч сайнгүй. Ингээд зогсохгүй ихээхэн хэмжээний хөрөнгө тус улсаас гарч байгаа нь бодит үнэн болжээ гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрлөө. Энэ байдлыг өөрчлөхийн тулд дотоодын зах зээлийн хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй хүн амын хуримтлалыг хөрөнгө оруулалт маягаар ашиглах цаг ирсэн гэж В.Путин үзэж байгаа юм. Мөн улс орондоо ажил хэрэгч уур амьсгалыг сайжруулах цаг болсон хэмээн тэрээр онцоллоо.
Тэрбээр эрх зүйн, мөрдөн шалгах, прокурорын болон шүүх байгууллагуудын "буруутгаж байдаг холбоосыг тасалж", "Зөвлөлтийн эрх зүйт ухамсрыг" устгаж эдийн засагтай холбоотой аливаа хэргийг арбитрын шүүх рүү шилжүүлэхийг уриалсан байна. Эд баялагт ногдуулах татварын талаар ч В.Путин дурджээ. "Үндсэн шийдвэрийг бид энэ ондоо багтаан гаргах хэрэгтэй. Ингэснээр ирэх жилээс үнэтэй байр орон сууц, машин эзэмшдэг хүмүүс илүү өндөр татвар төлөх ёстой" хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд онцолсон юм. Гэхдээ хэт шунаж бас болохгүй. Учир нь ийм татварт дундаж ангийнхан хэрхэвч өртөж болохгүй гэнэ.
ОХУ хөдөлмөрийн бүтээмжээр хөгжингүй эдийн засагтай орнуудаас даруй 3-4 дахин хоцорч байдаг. "Зарим нэгэн ухаантнууд манай хүмүүсийг ажиллаж чаддаггүй, ажиллах дургүй, эсвэл бага хөдөлмөрлөдөг гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Тэд үр ашиг муутай ажлын байран дээр ажилласаар байгаа тул ийм байдалд хүрсэн" хэмээх тайлбарыг В.Путин тавилаа. Тиймээс өндөр ашиг бүхий ажлын байр, амбицтай хүмүүсийг бий болгох нь хамгаас илүү чухал гэж тэрээр үзэж байгаа бололтой.
2016 он гэхэд зарим нэгэн түүхий эд олборлох компаниудад улсын оролцоог бууруулах боломж бүрдэнэ. Ингээд зогсохгүй өөр томоохон салбар болох батлан хамгаалах салбараас ч төрийн хөрөнгийн оролцоог багасгах тооцоог В.Путин хийсэн байна. Тэрээр шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн анхаарна хэмээн амлаж, 2018 он гэхэд төрийн сангаас тус салбарт 25 тэрбум хүртэлх рублийн санхүүжилт хийж эхэлнэ хэмээн бичжээ.