Ард түмнээс өгсөн үүргийг биелүүлж чаддаг түшээ
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг энэ удаагийн сонгох, сонгохгүй шалтгаан буландаа онцолж байна. Тэрбээр 2004, 2008 онуудад дараалан УИХ-д сонгогдон ажиллаж байгаа. Ардчилсан нам дахь мэргэжил, боловсролтой чадварлаг залуусын нэг билээ.
Овог, нэр: Даваажав ГАНХУЯГ /Монгол Улсын Их Хурлын гишүүн/
Төрсөн огноо: 1963 оны 12 сарын 14
Төрсөн газар: Архангай аймгийн Цахир сум
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх, ам бүл 4
Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет
1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль
1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр
1990 онд Удирдлагын хөгжлийн институт
1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн Их сургуулийн эдийн засаг менежментийн институт
1998 онд Тайландын Олон улсын аялал жуулчлал, менежментийн курс
1999 онд Тайваны Их сургуулийн Гадаад худалдааны курс тус тус төгссөн
Ажилласан байдал:
1989-1991 онд *Говь* хувьцаат компанид технологич инженер
1991-1993 онд *Бридж* ХХК-д дэд захирал
1993-2004 онд *Бридж* группийн ерөнхийлөгч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга
Ардчилсан намын ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн ерөнхийлөгч
“Монголын Ноос Ноолуурын Холбоо”-ны ерөнхийлөгч
“Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан”-гийн тэргүүн
2008 оноос: УИХ-ын гишүүн
Шагнал:
2003 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадаад хэл: япон, англи, орос
Сонгох шалтгаан:
- Тэр УИХ-ын эрхэм гишүүнээр найм дахь жилдээ сонгогдон ажиллаж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүний талаар тойрогтоо харагдсангүй, амласнаа биелүүлсэнгүй, ажил хийсэнгүй гэх муу үг ерөөс дуулдаагүй санагдана. Түүнчлэн элдэв авлига, хээл хахууль, эсвэл хэрүүл шуугианы асуудалд орооцолдож байгааггүй нэгэн. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн энэ парламент дахь нэр цэвэр гишүүдийн нэг. Нөгөөтэйгүүр амладаг, амласнаа биелүүлж чаддаг нэгэн ажээ. Тийм биш байсан бол УИХ-ын гишүүнээр ажилласан найман жилийн турш ямар нэгэн гомдол ирэх л ёстой. Үнэхээр амлалтаа биелүүлдэг, нөгөөтэйгүүр тойргийнхоо сонгогчдын төлөө ажил хийж чаддаг учраас одоо ч гэсэн баянзүрхчүүд түүнд ам сайтай байдаг. Ард түмэн, сонгогчдынхоо төлөө санаа зовж, ажиллаж байна гэдэг УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байх үндсэн үүргээ маш сайн биелүүлж байгаа гэсэн үг. Ард түмнээс хүлээж авсан үүргээ биелүүлж чаддаг хүнийг УИХ-д сонгохгүй гээд ч яах вэ дээ.
- Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж эхлэхээсээ өмнө бизнест байсан. “Бридж” группийн ерөнхийлөч байсан билээ. Үнэндээ бизнесийн чиглэлийн хүмүүс УИХ-д орж ирснийхээ дараа төрийн ажлыг цалгардуулдаг талтай. Өнөөгийн УИХ-д байгаа зарим бизнесмэн гишүүдээс иймэрхүү аяс ажиглагддаг билээ. Харин Д.Ганхуяг гишүүн тэднээс өөр нэгэн бөгөөд төрийн ажлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чаддагийг нь хэн бүхэн үнэлдэг. Төрийн ордон дахь албан өрөөндөө хамгийн эрт ирээд, хамгийн орой харих нь түүний хувьд ямар ч асуудал биш. Тэр өнгөрсөн 2008 оноос хойш УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүд, асуулгынхаа тоогоороо “ангидаа” айргийн тавд багтжээ. Эрхэм гишүүн хэр ажилсаг бөгөөд төрийн ажлын төлөө зүтгэж чаддаг хүн бэ гэдгийг дээрх статистик тодхон харуулж байна. Үнэндээ монголчуудад төрийн ажлын төлөө ийн зүтгэж, ард түмэн, сонгогчдынхоо итгэлийг дааж чаддаг гишүүн л хэрэгтэй билээ.
- 3. Эрхэм гишүүн бол яах аргагүй Монголын шилдэг эдийн засагчдын нэг. Тийм ч учраас УИХ дээр яригдаж байгаа эдийн засгийн чиглэлийн хууль, тогтоомжуудад хувь нэмрээ оруулдаг. Оюутолгой, Тавантолгой, “Баян Монгол корпораци” зэрэг маш олон чухал хуулийн төслүүдэд тэр оролцоотой ажилласан. Нөгөөтэйгүүр баталсан хууль, тогтоомжууд дээр алдсан зүйл байвал засч, залруулахын төлөө тууштай тэмцэж чаддаг. Алдаа байвал нүдээ аниад, чихээ таглаад өнгөрөх бус засч, залруулж байж, цааш явна шүү дээ. Д.Ганхуяг гишүүн яг энэ зарчмаар л ажилладаг бололтой. Хамгийн сүүлд гэхэд Оюутолгойн гэрээний талаар УИХ болон Засгийн газарт хандан хоёр ч удаа өргөх бичиг барьж, асуулга тавьсан. Үүний үр дүнд Оюутолгойн гэрээнд чамгүй өөрчлөлт орж, монголчуудад илүү ашигтай болж чадсан. Энэ бол түүнийг төрийн эрх барих дээд байгууллагад байлгах бас нэг шалтгаан яах аргагүй мөн билээ.
- Ер нь бол эрхэм гишүүнд төрийн ажлын төлөө зүтгэж ирсэн бүтэн найман жилийн туршлага байна. Туршлага гэдэг зүйл энэ улс төрд яах аргагүй хэрэгтэй билээ. Нөгөөтэйгүүр гадаад дотоодод суралцаж, туршлага судалсан нь ч их. Манай улс хөгжлийн гараанаа ирсэн энэ үед иймэрхүү туршлагатай, мэдлэгтэй улстөрчид хэрэгтэй байгаа. Д.Ганхуяг бол бизнест ч, улс төрд ч амжилт олж чадсан, мэдлэг боловсролтой, шилдэг залуучуудын нэг. Мэдлэг боловсролоос гадна уйгагүй хөдөлмөрч, шаргуу зан чанар түүнд бий. Төрийн ажлын төлөө хэрхэн хичээл зүтгэлтэй ажилладаг талаар нь дээр дурьдсан. Өөрөөр хэлбэл, түүнд төрийн ажлыг хийх найман жилийн туршлага, мэдлэг боловсрол, дээрээс нь хийе бүтээе гэсэн чин сэтгэл байна. Ийм хүн улс төрд хэрэгтэй болов уу. Нөгөөтэйгүүр тэрбээр УИХ-ын гишүүн гэдэг ажлыг эрх мэдлийн гүүр гэж хардаггүй. Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ““Улстөрч гэдэг бол төрийн зардас, түмний үйлчлэгч байх ёстой” хэмээн онцолсон байсан.
- УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Өө цаадах чинь бодлогын өрөгч”, З.Энхболд “Тэр бодлого боловсруулж зарим нь ярьдаг” гэж хэлж байсан гэдэг. Тодруулбал, нэг танхим дахь ангийн нөхөд нь Д.Ганхуяг гишүүний талаар ийн сэтгэгдлээ хуваалцжээ. Үнэхээр ч тэр бол бодлого боловсруулагч. Өнгөрсөн найман жилийн хугацаанд түүний боловсруулж, УИХ-д өргөн барьж, батлуулсан хууль, тогтоолын төслүүдийг эргэн харвал энэ тодорхой болно. Тухайлбал, эрхэм гишүүн 2008-2012 оны хооронд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц жил бүрийн Төсвийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Өрсөлдөөний тухай, Хүний хөгжил сангийн /Баян Монгол корпораци, Эрдэнийн хувь/ тухай, Улсын Хурлын хуралдааны дэгийн тухай, Жижиг дунд үйлдвэрийн зээлийн батлан даалтын сангийн тухай, Иргэн бүрт газар өмчлүүлэх тухай, Концессын тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 30 орчим хуулийн төслүүдийг санаачлан батлуулжээ. Эдгээр нь бүгд улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахуйц бодлогын шинж чанартай хуулиуд байгаа юм. Тэр бодлого тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг гэдэг нь эндээс харагдаж байна. Ийм байхад УИХ-д сонгохгүй гэх шалтгаан бараг л олдохгүй байгаа биз.
Сонгохгүй шалтгаан:
- Уг нь эрхэм гишүүн маш их ажил хийж, хууль, тогтоолын төсөл батлуулдаг. Гэвч тэр бүр зурагтаар гараад байдаггүй билээ. Өөрөөр хэлбэл, хийж, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд сурталчилж, таниулахыг тэр бүр боддоггүй бололтой. Харьцангуй амбиц багатай гэсэн үг. Уг нь улстөрч хүнд тодорхой хэмжээний амбиц байх хэрэгтэй гэдэг билээ. Д.Ганхуяг гишүүний хувьд улс орны ирээдүйтэй холбоотой ажлыг хийж, хэрэгжүүлэхийн төлөөх амбиц хангалттай байна. Харин хийсэн ажлаа олон нийтэд тайлагнах, тэглээ ингэлээ гэж ярьж, олон түмэнд таалагдахын төлөөх амбиц бараг л байхгүй ажээ. Түүний хэрхэн ажилладгийг сайн мэдэх хүмүүс байхад мэдэхгүй хүмүүс ч байна. Мэдэхгүй байгаа тэр хүмүүст өөрөө хэр ажил хийдгээ таниулах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн сонгуулиар дахин сонгогдоход мэдээлэлгүй байгаа хүмүүс саад болох талтай билээ.
- Хэдийгээр эрхэм гишүүн маш зөв шүүмжлэл өрнүүлж, шүүмжлэлтэй асуудлыг гаргаж тавьж, улс орны эрх ашгийн төлөө дуугардаг ч эцсийн мөчид олонхид дийлдэх нь бий. Магадгүй нөгөө намын олонхи асуудлыг арай өөрөөр харж, хэсэг бүлэг хүмүүс, эсвэл намынхаа эрх ашигт нийцүүлэхийг хүсдэг биз ээ. Гэхдээ эрхэм гишүүн бууж өгдөггүй. Тодорхой асуудлуудыг гаргаж тавьсаар л байдаг билээ. Харин олон нийт асуудлыг арай өөрөөр харж байж болох юм. Тэд УИХ-д сууж байгаа нөхдүүд үргэлж л өөрсдийнхөө төлөө, ард түмний эрх ашгаас харш шийдвэр гаргадаг, эсвэл авлига авдаг гэх мэтээр харж буй. Иймэрхүү сэтгэлгээ эрхэм гишүүнийг дахин сонгогдоход “гай” болж мэдэх юм