Баян амьдралд дургүй Ф.Олланд гурван харштай нь илэрчээ
2012.05.14

Баян амьдралд дургүй Ф.Олланд гурван харштай нь илэрчээ

Францын шинэхэн тэргүүнээр сонгогдоод байгаа Франсуа Олланд тансаг амьдралд туйлаас дургүй, энгийнээс энгийн байх нь эрхэм мөрөөдөл хэмээнхэдэнтээ тунхаглаж байсан нь саяхан. Гэтэл түүний хөрөнгийн бодит дүр төрхийг “Official Journal” дэлгэн шуугиан дэгдээгээд байна. Учир нь тэрбээр сонгуульд нэр дэвшиж байхдаа “Би ханийнхаа хамтаар хөлсний байшинд амьдардаг” хэмээгээд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг хүртэл өгөхдөө өөрийгөө “Жирийн амьдралтай” гэдгийг итгүүлээд авсан. 


Тиймдээ ч ард иргэдийнхээ амьдралыг хөнгөлөх үүднээс өндөр татварыг зөөллөн, банк санхүүгийн байгууллагынхныг уян бодлого явуулахад нөлөөлөх болно хэмээн амлаж байсан. Францын иргэд магадгүй түүний энэ эгэл жирийн байдалд татагдан итгэл үзүүлсэн ч байх хэмээн шинжээчид хэлжээ. Харин түүний хөрөнгийн баримт үнэн хэрэг дээрээ зузаанаас зузаан хавтас бүхий баялаг бөгөөд Францын хэдэн сая эгэл жирийн иргэдийн хувьд түүнийг “Туйлын баян” гэдэг хэсэгтээ багтаахаас аргагүйд хүрчээ. Амралтын газар байрлах хоёр тансаг харшийг нь хамгийн багаар үнэлэхэд л нэг нь 185 мянга, нөгөө нь 113 мянган еврогоор тооцогдож байгаа бол түүний бүх хөрөнгийг “Official Journal”-ынхан 644 мянган евро хэмээн дэлгэжээ.

Моугинс дахь харшийг тэрбээр экс эхнэр Сеголене Рояалд авч өгч байсан бол дөрвөн хүүхдэдээ Кеннэсийн ойролцоо амарч байхад нь зориулж байшин авсан байна. Үүнээс гадна Францын шинэ тэргүүн хуучин эхнэрээ улсынхаа хамгийн нөлөө бүхий эмэгтэйн байр сууринд аваачина хэмээн амлажээ. Тэрбээр дөрвөн хүүхдийнхээ ээжийг сэтгүүлч мэргэжилтэй залуухан бүсгүйгээр сонгуулийн өмнөхөн сольсон байна. Гэсэн ч дөрвөн хүүхдийнх нь ээж, эмэгтэйг өөрийнхөө дараа орох өндөр албан тушаалд томилно гэдгээ амласан байна. Үүнээс гадна түүний аав Жорж болоод ах Пиллип нь ч мөн бас нэг тансаг зэрэглэлийн харш эзэмшдэг юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ Н.Саркозийн эдийн засгийн талаархи бодлогыг хурцаар шүүмжилж, томоохон компани болоод жилд нэг сая еврогоос дээш орлоготой иргэдээс авах албан татварыг нэмэгдүүлэхээр амлаж байв. Мөн цалингийн доод хэмжээг өсгөх, боловсролын салбарт 60 мянга гаруй багшийг хөлсөөр нэмж ажиллуулах, тэтгэврийн насыг зарим ажилчдын хувьд одоогийн 62-оос 60 болгон доошлуулах зэрэг саналыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж байсан юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.