Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн танилцуулгыг тус байнгын хорооны дарга Д.Очирбат танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн гараагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Эдгээр саналуудаас тус хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан Ажлын хэсгийн санал гишүүдийн дэмжлэг авсангүй. Учир нь С.Оюун гишүүн хуулийн энэхүү заалтын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, хуулийг дагаж мөрдөх хугацааг энгийн зарчмаар тусгах нь зүйтэй гэсэн хөндлөнгийн санал гаргасан нь гишүүдийн дэмжлэг авлаа.