О.Саранчулуун: Монгол Улс хөгжлийн зорилтод төслийнхөө 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжихэд зарцуулна гэсэн олон улсын тунхаглалд нэгдсэн
2025.05.23

О.Саранчулуун: Монгол Улс хөгжлийн зорилтод төслийнхөө 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжихэд зарцуулна гэсэн олон улсын тунхаглалд нэгдсэн

О.САРАНЧУЛУУН: Эмнэлгийн үйлчилгээ авахын тулд заавал хүн гуйж байж дээшээ гарвал тэр ялгаварлан гадуурхалт. Харваас жижигхэн хэмжээгээр биччих юм бол харааны бэрхшээлтэй иргэдийг ялгаварлаж буй үйлдэл. Хүнийг ажилд авахдаа царай зүс, бие галбир зааж байвал бас л ялгаварлал. Ялгаварлагдсаныхаа төлөө хүмүүс гомдол гаргадаггүй ч мэдрэмж нь үлдчихдэг. Тиймээс ялгаварлаж байгаа үйлдлийг хуульчлах шаардлага бий.

"Хүн төвтэй бодлого-Тэгш эрхийн хэрэгжилт"-ийн асуудлаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун, Ж.Баясгалан нар мэдээлэл өглөө. Ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун “УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар, түүний харьяа агентлаг, нутгийн удирдлага гэсэн таван чухал субьект бий. Асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдлэг, мэдээлэл тааруу байна. Нутгийн удирдлагуудыг цуглуулж байгаад гарын авлага дээрх 13 ажлыг 32 шалгуураар хийвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал нэг түвшин дээшилнэ гэсэн зааврыг өгсөн. Үүнийг сэтгүүлчдэд бас өгнө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн шийдвэр гаргаж чадаж л байвал хөл, гар нь хөдлөхгүй байсан ч хөдөлмөр эрхлэх чадвартай гэж үздэг нийгмийн загвар бий. Дэлхий нийт ингэж үнэлдэг.
Монгол Улс хөгжлийн зорилтод төслийнхөө 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжихэд зарцуулна гэсэн олон улсын тунхаглалд нэгдэж орсон. Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой гэсэн саналыг холбогдох яам газруудад уламжлаад жил гаруй болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орон сууц олон улсад 4-5 загвараар хөгжсөн байдаг. Манайд хуулиар дэмжих гээд байгаа хэрнээ журам нь ялгаатай. Энэ мэт асуудлыг хөндөнө” гэдгийг онцоллоо.