Р.Батболд: Татварын багц хуулийн өөрчлөлтөөр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ
Татварын бодлого гэдэг бол тухайн Засгийн газрын гол суурь бодлого нь байдаг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ татвараар дарамтлах биш дэмжсэн бодлого гаргах үүрэг Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ногдоод буй. Тэд төслөө боловсруулж дуусаад УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
иргэдэд маш том хөнгөлөлт болох учиртай
Ажлын хэсгийн гишүүн Р.Батболд ажлын хэсэг татварыг шатлалтай болгох нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрээд төслөө, санал дүгнэлтүүдээ боловсруулаад явж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг мөн шатлалтай болгоё, ААН-ийн албан татвар дээр тооцоолол хийгээд хуулийн төслөө өргөн барихаар ажиллаж байгаа гэлээ.
Тэрбээр "НӨАТ-ын тухайд нэг худалдан авагчийн 500 мянган төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-аас нь чөлөөлөх, эсвэл буцааж олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь нэг өрхөд 2 гишүүн НӨАТ төлдөг бол тэр өрх сарын 1 сая төгрөгийн худалдан авалтан дээрээ НӨАТ төлөхгүй гэсэн үг. Энэ тоог дээшлүүлж 800 мянга хүртэлх дүн дээр 50 хувь, түүнээс дээш бол одоогийн 10 хувь байлгая гэдэг байдлаар өөрчлөлтүүд хийхээр болоод байгаа. Бид иргэд рүүгээ чиглэсэн хөнгөлөлтийг үзүүлэхийг чухалчилж байгаа. Хүн амын орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын зохицуулалтуудад өөрчлөлт оруулах нь иргэдэд маш том хөнгөлөлт болох учиртай. Хэрэв иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг бол ХХОАТ-ыг 2 хувиар эсвэл чөлөөлөгдөх маягаар зохицуулагдана гэсэн үг. Цалин 800,000 төгрөгнөөс эхэлнэ гэж үзвэл сарын 80 мянган төгрөг тэр хүнд үлдэнэ" гэв.
Хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэдийн амьдралд ямар бодит өөрчлөлтүүд бий болох вэ?
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
Одоогийн хууль
Сарын 0-10 сая хүртэлх төгрөгийн цалин орлоготой иргэн нийт орлогоосоо 10 хувиар татвар төлдөг. Сарын 10-15 сая төгрөгийн орлоготой бол 10 саяас давсан орлогодоо 15 хувиар, харин сарын 15 сая төгрөгөөс дээш орлоготой бол 20 хувиар орлогын татвар төлдөг.
Шинэ хуулийн төсөлд
Хувь хуний орлогын албан татварын шатлалыг боловсронгуй болгохыг зорьсон байна. Ингэхдээ ХХОАТ төлөгч бүх иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогыг 100 хувь хөнгөлүүлэх эрхийг нээх аж. Өөрөөр хэлбэл, нэг иргэн жилд 9.6 сая төгрөгийн орлогоо татвараас чөлөөлүүлнэ гэсэн үг. Энэ хөнгөлөлтийг хасаад иргэний сарын цалин орлого 0-10 сая төгрөг бол 10 хувиар, 10-15 сая төгрөг бол 12 хувиар, 15-20 сая бол 14 хувиар, 20-25 сая бол 16 хувиар, 25-30 сая бол 18 хувиар, 30 саяас дээш давсан орлогод 20 хувиар татвар ногдуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, одоогийн дагаж мөрдөж байгаа гурван шатлалыг зургаа болгох замаар хувь хүнд ирэх цалин орлогын татварын ачааллыг бууруулахыг зорьжээ.
НӨАТ-ын тухай хууль
Өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуулиар жилийн 50 хүртэлх сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлоготой хуулийн этгээдийг НӨАТ-аас чөлөөлдөг. Харин 50 саяас дээш төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар НӨАТ ногдуулдаг.
Засгийн газраас өргөн барих НӨАТ-ын тухай хуулийн төсөлд НӨАТ суутган төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгохоор тусгасан байна. Харин УИХ-ын Ажлын хэсгийн зүгээс НӨАТ-ын босгыг бүрмөсөн байхгүй болгож, бүх иргэн, аж ахуйн нэгж НӨАТ-аа тэгш шударга төлдөг болох механизмыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Мөн НӨАТ-ын сугалааг зогсоож, иргэдийн худалдан авалтаас хамаарч НӨАТ-ын буцаалтыг шатлалтай олгохыг зорьжээ.
Тухайлбал,
0-500 мянган төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТ-ын суутгалыг 100 хувь
500-800 мянган төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТ-ын суутгалыг 50 хувь
800 мянгаас дээш төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТ-ын суутгалын 20 хувийг буцаан олгохоор тусгаж байгаа аж.
Түүнчлэн, НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах байдлаар тусгаж байгаа аж.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
Одоогийн хууль
-Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагууд жилийн орлогоосоо хамаарч гурван шатлалттай татвар төлж байна.
0-6 тэрбум төгрөгийн орлоготой ААНБ 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар орлогын албан татвар төлдөг.
Хөнгөлөлтийн хувьд жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг.
Шинэ хуулийн төсөлд
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг гурван шатлалтай болгохоор төлөвлөжээ. Ингэхдээ 0-6 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгж байгууллага 10 хувиар, 6-10 тэрбум төгрөгийн орлоготой бол 15 хувиар, 10 тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгж байгууллагууд давсан орлогодоо 25 хувиар орлогын татвар төлөхөөр тусгасан байна. Шинээр 15 хувийн шатлалыг нэмснээр ААНБ-ууд 159 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болох аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь 25 хувиар төлдөг байсан ААНБ-ууд 15 хувиар орлогын албан татвар төлдөг болно гэсэн үг юм.
Татварын хөнгөлөлтийн хувьд жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх ААНБ-ууд 1 хувийн татвар төлнө. Одоо мөрдөж байгаа 1.5 тэрбум төгрөгийн босгыг нэмэгдүүлсэн ч ААНБ-ууд нэг хувийн татварын хөнгөлөлтийг гурван жил эдлэхээр хуулийн төсөлд тусгах аж.
Татварын багц хуулийн шинэчлэлээр дээрх гурван хуульд гол өөрчлөлтүүд орно. Хууль санаачлагчдын зүгээс татварын шинэчлэл хийгдсэнээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа аж.

Сэтгүүлч