О.Алтангэрэл: Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдгийг дэмжиж би гарын үсэг зурсан. Үүнээс бид ухарч болохгүй
2025.05.14

О.Алтангэрэл: Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдгийг дэмжиж би гарын үсэг зурсан. Үүнээс бид ухарч болохгүй

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Юун түрүүнд Ухаа худгийн орд газрыг хуульд нийцүүлэх ЗГ-аас боловсруулсан тогтоолын төслийн хүрээнд УИХ-аас санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдлаа. Та уг тогтоолын төслийг өргөн барьж, аргаа барахдаа хоног тоолж мэдээлсэн хүний хувьд удсан шалтгааныг юу гэж харсан бэ?

-2007 онд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын мөнгөний ордуудыг нэн тэргүүнд стратегийн ордод авч төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож УИХ-д эргэж танилцуулах даалгавар ЗГ-т өгөгдсөн. Өөрөөр хэлбэл одоогоос 18 жилийн өмнө дээрх ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох үүргийг ЗГ-т өгсөн байдаг. Гэтэл 18 жиийн турш эдгээр ордуудад авсан арга хэмжээний талаар ямар нэгэн асуудал УИХ-аар орж ирээгүй.

Жишээ нь, Цагаан суваргатай холбоотой асуудлыг 2014 оны долоодугаар сарын 01-ний өдөр буюу чуулганы сүүлийн өдөр УИХ-аас уг ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохгүй гэсэн тогтоолыг баталсан. Хоёр асуудал огт яригдаагүй үлдсэн нь Тавантолгойн орд болон Асгатын мөнгөний ордын асуудал.

Одоо ЗГ-аас ажлын хэсэг гарч түүнийг нь миний бие ахалж байна. Судалж үзээд Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад дүгнэлтийнхээ дагуу Тавантолгойн стратегийн орд газрын талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг ЗГ-ын хуралдаанаар оруулж, ЗГ-аас УИХ-д холбогдох тогтоолын төслийг өргөн барьснаас хойш нийт 58 хонож буй. Үүнээс 54 дэх хоногт 2007 онд УИХ-аар баталсан 27-р тогтоолын хэрэгжилтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах УИХ-ын даргын захирамж гарсан.

ЗГ-аас байгуулсан ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд УИХ анхааралдаа авч, тогтоолын хэрэгжилтийг эргэж харж дүгнэх болсонд баяртай байгаа. Манай ажлын хэсгээс хэдэн зуун хуудас баримтуудыг цуглуулж түүгээрээ эмхэтгэл гаргасан. Тухайн баримтуудаа УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэгт хүлээлгэж өгөх гэж байгаа.

Ухаа худгийн орд газрыг Энержи ресурс компанид эзэмшүүлсэн асуудал нь хуулийн дагуу байсан уу, УИХ цаашид энэ асуудалд яаж хандах юм. Ордын төрөөс тогтоох хувь хэмжээг тодорхой болгож, баялгийн санд төвлөрүүлэх үү гэдгийг баримтуудад тулгуурлан судалж, санал дүгнэлт гаргах 10 гаруй гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгож байгаа.

-УИХ 2007 онд баталсан тогтоолынхоо хэрэгжилтэд анхаарах хүртэлх хугацаанд ЗГ-аас нэмэлт материал шаардсан, компани хоорондын гэрээ байхгүй, тайлангийн бүрдэл дутуу зэрэг шалтгаануудаар багагүй уясан шүү дээ. Анхнаасаа яагаад дутуу материал хүргүүлчихсэн юм бэ. Гол саад нь юунд байсан юм?

-УИХТГ-аас баримт бичгийн бүрдэл дутуу учраас нэмэлт материалаа ирүүл гэдэг шаардлагыг тавьж байсан. Бидний хувьд Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлээд УИХ-д олон нийтийн хэлэлцүүлгийн түвшинд ямар асуудлууд байгааг харуулъя гэж бодсон юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ өөрөөр үзэж болно. Магадгүй хийгдсэн гэрээ нь зөв байна гээд компанийн талд дүгнэлтийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж болно. Эсрэгээрээ ч шийдвэр гаргаж болно. Бидэнд шийдвэр гаргуулах нь л гол зорилго.

Хувийн хэвшилтэй холбоотой асуудалд ЗГ хэлцэлд орох нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Одоо энэ бүгд УИХ-аас шалтгаална. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа хаврын чуулгандаа багтааж дүгнэлтээ гаргах ёстой гэж ойлгосон.

-П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргын хүргэн биш. Харин худ ургийн хамааралтай байх-

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга ахалж байгаа юм билээ. П.Мөнхтулга гишүүнийг танай намын лидерүүдийн нэг гэгдэх С.Баярцогтын хүргэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр саяхнаас битүү явах болсон. Энэ ажлын хэсэгт лобби орох, хэн нэгний эрх ашиг хөндөгдөх зэрэг асуудал үүсэхгүй юу?

- Би П.Мөнхтулга гишүүнтэй хамт хангайн бүсээс сонгогдсон. Бид сонгогчдынхоо өмнө нэг амлалттай. Тэр нь байгалийн баялгаас ард түмэн хүртдэг болж, энд нүүрлэсэн шударга бус тогтолцоог засна гэсэн. Тиймээс П.Мөнхтулга гишүүнийг энэ амлалтаасаа ухарна гэж бодохгүй байна.

Нөгөө талаар С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх. Хүргэн нь бол биш. Тэгэхээр ажлын хэсэгт орсон гишүүдийг харахаар бүгд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд. Мэргэжил боловсролын хувьд ч сайн мэргэшсэн хүмүүс багтсан гэж харж байгаа. Түүний нэг нь манай Б.Жаргалан гишүүн. Эдийн засаг, хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн хүн. УИХ-д суудалтай намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гэдгээрээ илүү онцлогтой байх гэж харж байгаа.

Ер нь бид олон жил улс төр хийж амин хувиа хичээсэн хүмүүсийн энэ мэт сэдвүүдийг хаах хэрэгтэй. Үүнийг дагаад Цагаан суваргын ордын асуудлаас эхлээд дараагийн олон зүйлс яригдах ёстой болно.

-Цагаан суваргын ордын асуудлыг ЗГ хэрхэн анхаарч байгаа вэ. 2014 онд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохгүй гэдэг шийдвэрийг гаргаж байсан үеийн асуудлуудыг судалж байгаа юу? ЗГ орд эзэмшигч компанийн талтай мөн хэлцэлд орох уу?

-Эл асуудал Засгийн газрын түвшин яригдаж байгаа байх. Миний хувьд ажлын хэсгийг нь хариуцаагүй учраас нарийн асуудлуудаар бага мэдээлэлтэй байна. УИХ-аас 2014 онд баталсан тогтоол одоо хэр нь энэ ордод хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ шийдвэрээ эргэж харах бүрэн эрх нь УИХ-д бий.

Хэрэв энэ ордыг эзэмшиж байгаа компани нь Засгийн газартай хамтарч ажиллаж, Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлье гэвэл УИХ-ын тогтоолтой холбоотой асуудлыг эргэж харахаас өөр аргагүй байдал үүснэ. Тиймээс энэ ордын асуудлыг хариуцаж байгаа ажлын хэсэг дүгнэлтээ гаргах л байх.

-Таныг улс төрийн хүрээнд Ухаа худгийн асуудлыг УИХ-аар оруулахын тулд хоног тоолж, шаардаж байгаа хэр нь Төгрөг нуурын ордын асуудлыг тойрч гараад байгаа нь хэтэрхий ялгамжтай байдлаар асуудалд хандаж байна гэж шүүмжилж байна. Цагдаа, АТГ, прокурын хамтарсан ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Процесс ямар шатанд үргэлжилж байгаа вэ?

-Ерөнхий сайдын захирамжаар ордуудтай холбоотой асуудалд хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан. Миний хувьд Тавантолгой, Ухаа худгийн ордтой холбоотой асуудлыг хариуцсан учраас ажиллах л үүрэгтэй.

Нөгөө талд манай Н.Учрал сайд Төгрөг нуурын ордын асуудлыг хариуцаж байгаа. Энэ хүрээндээ ч АТГ-т шалгуулахаар баримт материалуудыг цуглуулж өгсөн байдаг. Засгийн газрын хувьд аль алинд нь ач холбогдол өгч байгаа уг нь. Гадагшаа харагдах байдлаар нь зарим улстөрчид өөртөө ашигтай талаас нэг талыг харсан өнцгөөрөө асуудалд хандаад байгаа юм. Товчхондоо Засгийн газрын түвшинд хийгдэж байгаа ажлуудыг хэн нэг сайд ярьсангүй гэдгээр буруутгах нь өрөөсгөл зүйл.

Нөгөө талд Төгрөг нуурын ордын асуудлыг Н.Учрал сайд маш сайн урагшлуулж байгаа. ХЗДХ-ийн сайдын хариуцсан салбарын түвшиний асуудлын хувьд АТГ болон прокурор хийх ёстой ажлуудаа хийж байгаа. Үнэхээр гадаадад шалгах шаардлагатай болох юм бол аль ч оронд хууль зүйн сайдаар нь дамжиж бичиг нь явдаг. Тиймээс миний оролцож болох хүрээ хязгаар нь ердөө л энэ.

Өнөөдөр Ухаа худаг, Төгрөг нуур ордын асуудлууд хөндөгдөж байгаа шалтгаан нь хууль зөрчсөн байж болзошгүй гэдэгт л гол асуудал нь байгаа. Энэ асуудал мөнхийн хууль зөрчсөн чигээрээ яваад байж болохгүй шүү дээ. Ордуудын нөөц нэг л өдөр шавхагдана. Тиймээс бид одоо л амжиж энэ асуудлыг шийдэх нь чухал байгаа юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг бүлгийнхээ санаачилгыг дэмжиж байгаа-

-Яриагаа анхаарал татсан өөр нэг сэдвээр үргэжлүүлье. Тодруулж хэлбэл, өнгөрсөн долоо хоногт танай намын бүлэг хуралдахдаа Ерөнхийлөгчийг дахин сонгогдох нөхцлийг Үндсэн хуульд хийж болохгүй гэдэг санаачилгыг гаргаж, гишүүдээсээ гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Та дэмжиж гарын үсэг зурсан уу?

-Би дэмжиж гарын үсгээ зурсан. Сүүлд Үндсэн хуульд хоёр ч удаа ойрхон өөрчлөлт оруулахдаа парламент 126 гишүүнтэй байх, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх зэрэг өөрчлөлтүүд нь институтын шинжтэй өөрчлөлтүүд байсан. Үүнээсээ бид ухарч болохгүй. Сонгуулийн холимог тогтолцоог оруулж ирсэн. Үүнээсээ мөн ухарч болохгүй. Тиймээс Х.Тэмүүжин гишүүний санаачилсан зүйлийн утга агуулга нь Үндсэн хуулийн тогтвортой байдлыг л хангах тухай асуудал. Тиймээс намын 42 гишүүний 36 нь дэмжиж гарын үсгээ зурсан. Бүлгээс эцсийн шийдвэр гарах байх.

-Хөрөнгө хураах хуулийн төслөө батлуулахын тулд эцсээ хүртэл явна-

-Хамтарсан Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар томилогдсон цагаас таны хамгийн том амбиц Хөрөнгө хураах хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулах явдал гэж харж байгаа. Одоо хэр нь өргөн баригдаагүй байгаа энэ төсөл ер нь урагшлах шинж байна уу? нөгөө талаас үүнийг урагшлуулах сонирхол парламентын дийлэнх гишүүдэд байхгүй байгаа юм биш үү?

-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар оруулж дэмжүүлсэн. Нэгдүгээр сарын 24-ний өдрийн албан тоотоор УИХ-д хүргүүлсэн. Одоо товоо хүлээж байна. УИХ-ын дарга тов өгвөл хуулиа өргөн барина. Засгийн газар Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хууль санаачилж, УИХ-д хүргүүлсэн. Тиймээс энэ хуулийн төслөө өргөн барьчихмаар байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргатай уулзаж хүсэлтээ тавина гэсэн бодолтой байна.

-Хэрэв хэлэлцэх боломжгүй гэж үзэх тохиолдолд яах вэ?

-Ер нь бол хэлэлцэх боломжгүй хуулийн төсөл гэж байдаггүй. Боломж олгох эсэхийг тэнд хэн нэг албан тушаалтан л шийднэ. Батлах эсэхийг холбогдох байнгын хороо, УИХ л шийднэ. Миний хувьд бүх зүйлд бэлтгэлтэй байна. Энэ хуулийнхаа төслийг батлуулахын төлөө эцсээ хүртэл явна. Би ярианы эхэнд он, сартай нь хэлсэн. Энэ үеэс хойш тасралтгүй хүлээж байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа хэдэн сар хэлэлцэж, гаднаас мэргэжилтнүүд авчирч судалгаа хүртэл хийж сайн хуулийн төсөл гэж сайшаасан зүйл шүү дээ.

Тиймээс би УИХ-даа найдаж байгаа. Нийт гишүүдийн 80 гаруй хувь нь шинээр сонгогдсон хүмүүс байна. Тэд Монголын төрд ажилласан нь хөрөнгө, мөнгөтэй болдог гэсэн шударга бус байдлыг зогсоохын төлөө өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэж найдаж байгаа.


Ярилцсанд баярлалаа