
Г.Уянгахишиг: Бондын зах зээлийг өргөжүүлснээр өрсөлдөөн бий болж, улмаар зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ
Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өчигдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт сэлдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг оролцсон юм.
Тэрбээр "Бондын зах зээлийг өргөжүүлснээр зээлийн бүтээгдэхүүнд өрсөлдөөн бий болж, улмаар зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ. Тиймээс төрийн зүгээс татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай" хэмээн онцоллоо.
Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Мөн дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгаж, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлсэн байна.