2025.04.11

С.Эрдэнэболд: Өмгөөлөгч ажлаа хийж яваад өөрөө хэрэгтэн болоод ял эдэлчихдэг

Улсын Их Хурлын өнөөдрийн /2025.04.11/-ний өдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

2022 оны Үндсэн Хуулийн Цэц дүгнэлт гаргасан. Энэ хуулийн 8.6.3-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай. Зарчмын хувьд энэ хуулийг дэмжиж байна. Гол үндэслэл нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь хязгаарлагдсан байж болзошгүй гэсэн нэгдүгээр дүгнэлт байна.

Өмгөөллийн холбоон дээр 400 гаруй хүнээс шалгалтад орох хүсэлт ирүүлснээс 40 гаруй нь хасагдсан. Тэдний дийлэнх нь гомдол гаргаад явсан. Шалгалтад орохын тулд ажлаасаа гарах болдог. Давхар ажил эрхэлж болдоггүй учраас ажлаасаа гарчихаад шалгалтандаа тэнцэхгүй бол ажилгүй болчихдог нөхцөл байдал бий. Их сургуульд ажиллаж эрдэм шинжилгээний ажил хийгээд явангаа өмгөөллийн ажил хийхийг хуулиар зөвшөөрч байгаа. Улс төрийн болон бусад ажлыг хориглодог. Зарчмын хувьд хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Өмгөөллийн хуулийг цогцоор нь шинэчлэх, өөрчлөх, бусад олон асуудлыг хамт оруулж ирэхгүй байсан уу? Цаашид ийм шаардлага байгаа юу? Тухайлбал зарим төрлийн гэмт хэрэг дээр өмгөөлөл хамгааллын үйл ажиллагаа хийж явж байгаад сүүлдээ өөрөө гэмт хэрэгтэн болох тохиолдол байдаг. Ялтан болоод шоронд орсон тохиолдол ч бий. Цаад утгаараа өмгөөлөгчийн эрх болон өмгөөллийн үйл явц өөрөө хэр зэрэг хуулийн хамгаалалтад байдаг вэ? Өмгөөлөлтэй холбоотой экосисистем буюу шударга ёсыг сахиулах, хэргийн процесст өмгөөлөгчийн эрх хэр хангагдаж байгаа? Хуулийнхаа агуулгад хэр зэрэг хяналт, судалгаа шинжилгээ хийсэн бэ? Энэ чиглэлээр дараа дахин өөр асуудлууд орж ирэх үү?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хариуллаа.

С.Эрдэнэболд гишүүний асуулт яалтачгүй тулгамдаад байгаа асуудал мөн. Эхний ээлжинд Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3-т шалгалтад орох гэж буй хуульчдын хувьд эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг агуулгаар зөвхөн энэ заалтыг хэлэлцүүлээд явж байна. Цаашид энэ хуулиа эргэж харах ёстой гэдэг асуудал ихээр хөндөгдөж байна. Тухайлбал, ажил хөдөлмөр давхар эрхлэлттэй холбоотой 15.1.13-т улс төрийн нам, түүний харьяа салбар бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэхийг тусгасан байдаг. Гэтэл өмгөөлөгч гэдэг мэргэжил өөрөө улс төртэй хамааралтай ажил, албан тушаал биш. Нөгөө талаасаа компанийн хуульч, өмгөөлөгч хийхийг хориглоно гэсэн заалттай болж байгаа юм. Тэгэхээр давхар хөдөлмөр эрхлэх боломжгүй гэдэг заалтыг авч үзэх ёстой. Нөгөө талаасаа өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаан дээр өмгөөлөгч прокурортой эн тэнцүү орж чадаж байгаа юу. Нотлох баримт цуглуулах дээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудтай танилцах, өмгөөлөгчийг хамгаалах зэрэг олон асуудлыг зохицуулах шаардлагатай. Тиймээс өмгөөллийн хууль дээрээ цаашид үргэлжлүүлээд ажиллана. С.Эрдэнэболд гишүүн таныг хамтраад ажиллах байх гэж харж байна.