2025.04.29

М.Бадамсүрэн: 2028 он гэхэд онгоцны түлш дотооддоо үйлдвэрлэдэг болно гэдгээ ОХУ-д яагаад ойлгуулж чадахгүй байна вэ?

Манай шинэ нисэх буудлын менежментийг ОХУ удирдахаар боллоо гэсэн мэдээлэл газар авснаар иргэдийн бухимдал олон нийтийн платформууд дээр олноор илэрч буй.

Японы хөрөнгө оруулалттай, тус улстай гэрээ байгуулж менежментийг нь явуулж буй Чингис Хаан нисэх буудал нь Монгол-Японы шинэ бэлгэ тэмдэг болж 2021 оны долдугаар сард ашиглалтад орсон байдаг.

Төөрөгдөл

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ УИХ-ын байнгын хороод хэлэлцэж, зарим нь дэмжсэн ч нийт гишүүдийн дунд санал зөрчилдөөн үүсгэсэн асуудал болоод байна. Учир нь гэрээнд шинэ нисэх буудлын менежментийг бус шатахуун цэнэглэх цогцолбортой холбоотой ажлыг удирдах талаар тусгасан нь төөрөгдөл үүсгээд байгаа аж.

Гишүүдийн зүгээс дээрх эргэлзээтэй асуудлыг оновчтой тусгаагүйд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн энэ тухайд "Том зургаараа харвал ОХУ-аас бид шатахууныхаа бараг 100 шахуу хувийг авдаг орон. Энэ утгаараа бид цаашдаа тус улсаас онгоцны болоод бусад шаардлагатай түлшээ авна, авахаас ч өөр арга байхгүй. Бидний асуудал хэдийгээр ийм байгаа ч гэсэн гэрээ хийж л байгаа бол Монгол Улсад ашигтай байх саналаа тусгаж өгөх л ёстой байлаа. Тийм ур ухаан төрийн түшээдээс гарч байх хэрэгтэй шүү" гэв.

Газрын тосны үйлдвэр 2028 онд ашиглалт орно

Энэ онд газрын тосны үйлдвэрийн зардлыг 462 сая ам.доллароор нэмэгдүүлж Эксим банкнаас зээл авсан бөгөөд 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулъя гэж Засгийн газар зүтгэсээр буй. Бүрэн чадлаараа ашиглалтад орсны дараа жилд ойролцоогоор 80 мянга орчим тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэх чадамж бий гэдэг нь техник, эдийн засгийн үндэслэлээс нь харж болно(ТЭЗҮ).

Төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испани зэрэг улс орнуудын 1000 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн долоо нь гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд аж. Уг долоон байгууламжийг барих ажлыг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэхээр болсон. Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Франц, Итали, АНУ, Голландын компаниудын технологийн лицензээр барьж байгуулах аж. Лиценз эзэмшигч компаниуд өөр өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж барилга угрсалтын ажилдаа ороод буй.

Гэтэл 2045 он хүртэл ОХУ-аас түлшээ нийлүүлэхээр дотоодын үйлдвэрийн үйл ажиллагаанд хориг тавьж буй хэрэг хэмээн зарим гишүүд хурцаар шүүмжилсээр байна.

"Яаж ойлгуулах ёстой вэ гэхээр ийм. Жишээ нь ОХУ-ын талд манайх гурван жилийн дараа 80 мянган тонн онгоцны түлш гаргах үйлдвэрээ барьж байгаа. Бүх асуудал нь шийдэгдсэн. Тиймээс бид гурван жилийн хугацаанд танайхаас онгоцны түлшээ авдагаараа авна. Харин гурван жилийн дараа тодорхой хувийг бид дотоодоосоо хангана шүү гэдгээ хэлж, ойлгуулаад гэрээгээ зурах байсан. Гэтэл яагаад ийм заалт уг гэрээнд оруулаагүй вэ. Хамгийн түрүүний заалтаар орох манай талын ашиг сонирхол чинь энэ биз дээ. Үүнийгээ хийгээгүй байна. Ер нь сүүлийн үед гарч байгаа шийдвэрүүдийг харахад эсвэл 100 хувь хаадаг, эсвэл 100 хувь нээчихдэг. Энэ дунд үе шаттай, тодорхой хувь хэмжээгээр зохицуулсан шийдвэр огт байхгүй. Хоригловол нийтээр нь хориглодог. Зөвшөөрвөл нийтээр нь зөвөөрчихдөг. Ийм л шийдвэрийг Засгийн газар гаргаж байна" хэмээн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тодотгов.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ 4-р сарын 23-ны өдрөөр хэлэлцэх явцад УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, төслийг сайжруулах чиглэлийг ЗГ-т өгөөд буй. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээрийн зарим зүйл, заалтыг сайжруулж, ГХЯ, ЗТЯ-ыг анхаарч ажиллахыг чиглэл болгоод байгаа билээ.