С.Амарсайхан: ОХУ-ын банктай шууд харьцахгүй бол бензин шатахуунаа авахад хүндрэл үүсэж болзошгүй
2024.09.21

С.Амарсайхан: ОХУ-ын банктай шууд харьцахгүй бол бензин шатахуунаа авахад хүндрэл үүсэж болзошгүй

Оросын банк оруулж ирэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан хэвлэлд мэдээлэл өглөө. ОХУ-ын банкны салбартай манай банкууд шууд харьцдаггүй учраас шатахууныхаа төлбөр тооцоог хийхэд хүндрэлтэй байдаг гэлээ.

-Оросын банк оруулж ирэх асуудал яригдаж байна. Энэ тал дээр албан ёсны тайлбар өгөхгүй юу?

-Манай улс ОХУ, БНХАУ хоёр хөрштэйгээ хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээртэй. Ямар ч тохиолдолд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хоёр хөрштэйгээ хоёулантай нь харилцаагаа хөгжүүлэх нь чухал. Нөгөө талаараа гуравдагч хөршүүдтэйгээ ч найрсаг харилцаагаа өргөжүүлэх, нээлттэй олон тулгуурт бодлогыг баримталж явдаг улс орон. Тиймээс ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.

ОХУ, Монгол Улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч манай талд алдагдалтай гардаг. Бид жилдээ сая гаруй тонн бензин шатахуун авдаг. Түүний төлбөрт олон тэрбум төгрөг, ам.доллар төлдөг.
Банк санхүүтэй холбоотой асуудалд хөрш орнуудтайгаа, ялангуяа мөнхийн хоёр хөрштэйгээ хийж байгаа яриа хэлэлцээр, гадаад дотоод бодлогыг гуйвуулсан, хагаралдуулах гэсэн зохион байгуулалттай асуудлууд явж байна. Үүнд төлбөр тооцооны, банк санхүүгийн асуудал яригдаж байна.

Хэдийгээр бид бензин шатахуун, экспорт, импортын төлбөр тооцооны асуудлыг аль болох хэвийн хийж байгаа ч удаашралтай байгаа. Учир нь ОХУ-ын зарим банк, санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотой. БНХАУ-ын банкаар дамжуулж хийж байгаа ч энэ нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тиймээс бид шинэ гарц гаргах, ямар нэгэн хориг саадад ороогүй банк санхүүгийн байгууллагыг хооронд нь харьцуулах асуудал ярьж байна. Төрийн банк болон бусад арилжааны банкууд.

Хоёр улсын хооронд хийгдэж буй төлбөр тооцооны хүндрэл бэрхшээлийг түргэвчлэх талаар аль, аль түвшинд яригдаж байна. Хэрвээ бид төлбөр тооцоогоо төлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл бензин шатахуунаа авах асуудал хүртэл хойшлох удаашрах асуудал үүснэ. Төв банк болон Засгийн газрын зүгээс анхаарч байгаа. Орос Монголын Засгийн газрын ажлыг хэсгийг ахалж байгаа хүний хувьд хоёр улсын хооронд хийгдэж байгаа төлбөр тооцооны хүндрэл бэрхшээлийг хялбарчлах зорилгоор ажиллаж байна. Хэрвээ бид төлбөр тооцоогоо хийж чадахгүй болвол шатахуунаа авах асуудал хүртэл хойшлох эрсдэл үүснэ.

-ОХУ-ын 20 банк хоригт орчихоод байгаа. Тэгэхээр манай улсад Оросын банк орж ирэх боломжгүй гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна?

-Банк оруулж ирэхгүй. Хоёр улсын хооронд хийгдэж буй төлбөр тооцооны асуудлыг яаж банк санхүүгийн байгууллагаар саад бэрхшээлгүй, түргэн шуурхай хэвийн явуулах асуудал яригдаж байгаа. Бид хөршөөсөө зугтаад явахгүй нь тодорхой. ОХУ-ын хоригт ороогүй банк бий. Энэ хоригт ороогүй банкийг манай банк санхүүгийн байгууллагуудтай хэрхэн холбож, төлбөр тооцоогоо хялбар болгох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа.