Д.Батлут: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас хэрэгжилтийг хойшлуулна
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо. /2025-05-06/
Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Нийслэл, Улаанбаатар хотын 14 хот, Улсын зэрэглэлтэй 6 хот, Орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, Дагуул 4 хот бий болгохоор төлөвлөөд буй.
Тус хууль нь ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэдий ч
- -Хууль хэрэгжсэнээр жишээлбэл, Дархан-Уул аймаг улсын зэрэглэлтэй нэг хот, дагуул нэг хот бий болохоос гадна сумдуудыг татан буулгахгүй. Ингэснээр засаг захиргаа, нэгжийн хувьд нэг нутаг дэвсгэрт хот сум зэрэгцэж оршихоор,
- -Үндсэн хуулийн 57.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэсэн заалтад хот гэж тусгаагүй нь хуулийн хүрээнд зөрүүтэй ойлголтыг бий болгохоор
- -Нэг нутаг дэвсгэрт орших аймаг, сум, хот тус бүрдээ төлөөлөлтэй байх нь төлөөллийн зарчим алдагдахад хүргэх
- -ЗЗНДТХ-ийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсэх эрсдэл бий болж болзошгүй байдлууд үүсээд байна. Иймд нэгдмэл нэг ойлголтод хүрэх, бэлэн байдлыг хангахад хугацаа хэрэгтэй гэж үзлээ.
Иймд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ирэх долоо хоногт дахин хуралдахаар боллоо.
Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас хэрэгжилтийг хойшлуулна гэв. Тухайлбал, тэрбээр энэ хууль 6 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжээд явахад засаг захиргааны нэгжийн хувьд, ЗГ-ын хийж хэрэгжүүлж байгаа ажлын хувьд ч бүрэн дүүрэн бэлтгэл хангагдаагүй байна. Нөгөө талдаа үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд үүсэх магадлал тун өндөр байгаа. Тухайлбал, аймгийг татан буулгахгүйгээр түүн дээр хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэж тооцохоор төлөөллийн зарчим алдагдахаас авхуулаад олон асуудлууд хөндөгдөнө. Тухайлбал, Орхон аймаг 41 төлөөлөлтэй байхад хотын статустай болсноор 21 төлөөлөлтэй болно. Тэгэхээр төлөөллийн зарчим алдагдана. Нэг төлөөлөгчид ноогдох сонгогчдын тооноос авхуулаад тэдний төлөөллийн зарчмын асуудал нь хөндөгдөхөөр үндсэн хуулийн цэцтэй маргаан дагуулах асуудал болж хувирна. Хамгийн гол асуудал нь газар нутаггүй мөртөө засаг захиргааны нэгж, нэгжийн хуулийн зарим нэг эрх шилжих хэлбэрүүдээр нутгийн удирдлагын зохицуулалт хийгдэхээр хуульчлагдсан байгаа нь үндсэн хуулийн зөрчилтэй болох магадлалууд өндөр байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хугацааг нь хойшлуулна гэдэг байр суурьтай байгаа. Үндсэн хуульд зааснаар Монгол Улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод хуваагдана гэж заасан байдаг. Энэ дотор хот гэж үг байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулийн зарим нэг зүйл заалтуудаар эрх шилжүүлэх хэлбэрээр хотын статусыг тодотгоод өгчихсөн байгаа. Энэ бүрэн дүүрэн хэрэгжихэд аймгаа татан буулгачхаад хотын статусуудыг нь сэргээж, үйл ажиллагаа явуулна гэхээр түрүүний миний хэлдэг төлөөллийн зарчмаас авхуулаад үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд үүсэх магадлал өндөр байна. Цаашлаад улсын зэрэглэлтэй хоттой холбоотой асуудлыг хөндвөл Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна! гэв.

Сэтгүүлч