
АҮББХ: “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.04.16)-ийн хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrйe Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.
Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заасныг тодорхой дурдав. Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар танилцууллаа.
Зам, тээврийн яамны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Батлут, Д.Жаргалсайхан, Б.Тулга нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, төрөөс үзүүлэх дэмжлэг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар асууж, уялдаатай, үр дүнтэй ажиллахыг зөвлөсөн юм.