УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Хүний хөгжлөөр улс орны хөгжлийг тодорхойлдог. Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг бол хот хөдөөгийн ялгаа. Хүн ам яагаад хотод төвлөрөөд байна вэ? Учир нь хөдөө хүний анхдагч хэрэгцээг хангах орчин байхгүйтэй холбоотой. Энэ чиглэлээр хийгдсэн ажлууд ямар үр дүнд хүрсэн бэ? Хүний хөгжлийг хангахдаа жижиг зорилтуудаа орхигдуулж болохгүй. Том зорилго маань алсраад явчих аюултай.
Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилгын хүрээнд төрийн албаны хүний нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ гэжээ. Үүнийг төрийн албанд гарсан сул орон тоо байна хэмээн дүгнэв. Бид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төлөвлөлтөө хийж, түүнд хүрэх арга зам, дүгнэлтээ тодорхой болгож чадахгүй байна гэсэн үг. Энэ тал дээр ямар ахиц гаргах вэ?
Хөдөө орон нутаг эмч, багшийн хомсдолтой. Математик, физик, биологи, химийн багш гээд. Бидний ирээдүй болсон хүүхдүүд энэ хичээлүүдээ үзэж чадахгүй байна. Гэтэл салбарын сайд нь Улаанбаатар хотод их, дээд сургуулийн удирдлага томилоод сууж байна. Үүний оронд хөдөө сумд руу математик, физик, химийн багш томил. Илүү шударга, иргэн хүнээ бодсон үр дүнтэй ажил энэ юм.
Олон асуудал яригдсан ч базаахгүй үр дүн. Төсвийн ерөнхийлөн захирагч болон хөтөлбөрийн үр дүнг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан 34,4 тэрбум төгрөгийн зарцуулалтыг тайлагнаагүй. Үүний 18,8 тэрбумыг агаарын бохирдол бууруулах, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан гэжээ. Түгжрэлийг буурахад 16 тэрбум. Тайлан байхгүй. Хэрэв бид үр дүнтэй зарцуулсан бол утаа багасах байлаа.