2025.03.31

Б.Түвшин: Цаашдаа энэ тайлагналын системийг олон улсад нийцэхээр боловсронгуй болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар  Засгын газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

Өнөөдөр бид Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2024 оны гүйцэтгэлийн тайлан зэрэг маш олон чухал бичиг баримтуудыг хяналтын байгууллагууд хянасан тайланг хэлэлцэж байна. Нэг ёсондоо 2024 онд Монгол Улсын нийгэм, эдийн засаг яаж хөгжив. Төлөвлөөгний хувьд нийгэм эдийн засагт ямар импакт өгөв. 2024 онд зөвхөн улсын төсвийн хувьд 30,5 их наяд төгрөгийг зарцуулсан, үүний 22,5 их наядыг урсгал зардалдаа зарцуулсан. Энэ мөнгөөр юу хийж, хэрэгжүүлсэн бэ. Манай улс яаж хөгжсөн бэ.

Үүнд логик гаргалгаа, тогтолцоотой, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, тайлагналын систем байхгүй учраас өнөөдөр ийм зүйл яриад, гурван газрын гаргаж өгсөн гурван зөрөөтэй тайланг нь ярьж, асуултаа асууж байгаад л нэг дүн тавиад л явах байна. Гэтэл үүний нөгөө талд нь энэ улсын нийгэм эдийн засагт юу болоод байна вэ гэдэг асуулт гарч байгаа. Иргэдийн харж байгаагаар Эрчим хүчний зохицуулах хороо цахилгааны үнэ тарифыг нэмчихсэн, НИТХ авто тээврийн болон өөрөө явдаг хэрэгсэлд ногдуулах албан татвар,зам ашиглалтын төлбөрийг нэмчихсэн, орлого ерөөсөө огт нэмэгдээгүй. Ийм стресстэй орчинд 22,5 их наядын урсгал зардал зарцуулаад нөгөө талд нь энэ тайлан хэлэлцэж байгаа.

Энэ тайлан дээр хөрөнгийн зардлууд буюу 16 их наядын 8-ыг нь зээлээр, 8-ыг нь улсын төсвөөр ийм ийм ажлуудыг ингэж хийсэн гэдэг нь маш тодорхой байна. гүйцэтгэлийн хувь нь ч тодорхой байна. Харин 22,5 их наядын урсгал зардал нь цаасан дээр материал бүрдүүлсэн буюубүтээмжийн асуудал байхгүй байна. Тайлагналын асуудал ч гэсэн иймэрхүү асуулт, хариулт маягаар дуусах нь. Цаашдаа энэ бүтээмжийн асуудал, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, тайлагналын системийг олон улсад нийцэх ийм боловсронгуй болгох шаардлагатай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn