
2025.03.18
Өсвөр насны хүүхэд цахилгаан хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох асуудлыг цогцоор нь шийдэх хуулийн төсөл боловсрууллаа
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүн П.Батчимэг чуулган завсарласан хугацаанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж дууссан байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг "УИХ-ын Ээлжит чуулган нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлээр Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа Ажлын хэсгүүд ажлын үр дүнгээ тайлагнах чухал хугацаа юм. Сүүлийн жилүүдэд иргэд, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуус цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаагаас үүдэлтэй олон асуудал, үр дагаврууд бий болж цогцоор шийдэх зайлшгүй шаардлага бий. Бид хуулийн төслөө боловсруулж дууслаа. Мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно" гэлээ.
Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батлах билээ.