Б.Жавхлан: Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж НӨАТ-ийг шаталсан хэлбэрт шилжүүлнэ
2025.03.25

Б.Жавхлан: Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж НӨАТ-ийг шаталсан хэлбэрт шилжүүлнэ

Өнөөдөр /2025.03.25/ болж буй Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн III хуралдаанаар Хамтарсан Засгийн газраас татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Энэ хуулийг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгох, тэгш, шударга татварын орчин бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж, татварын зардлыг бууруулахыг зорьж байгаа. Тиймээс Татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг өнөөдөр сонсож, хуулийн төсөлд тусгуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны эхэнд онцолсон юм. 

Бизнес эрхлэгчид, ажил олгогчид татварын орчин, нийгмийн даатгалын системийг сүүлийн жилүүдэд хамгийн ихээр шүүмжлэх болсон. Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой дараах өөрчлөлтүүд хийгдэнэ.

  • НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ.
  • Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно.
  • Бүсчилсэн хөгжлийн бодлоготоой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах хүч татах татварын бодлого хэрэгжүүлнэ.

Татварын шинэчлэлийн үр дүнд иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2,4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт олгож, бизнесийн идэвхжлийг 1,6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж буйгаа Сангийн сайд Б.Жавхлан  танилцууллаа.

Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчид зэрэг 41 төлөөлөл багтдаг.