П.Батчимэг: Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай
Дүрэм мэдэхгүй жолоочид эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болсон. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байгааг Замын Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулсаар байгаа.
Нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах осол гэмтлийн тоонд нөлөөлж байна
2019-2024 оны суррон, скүүтерийн хэрэглээний улиралд Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтсэн 492, цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтсэн 59, явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтсэн 25, цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтсэн 7, Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтсэн 1 тохиолдол гарсан. Энэ бол зөвхөн ГССҮТ-д бүртгэлтэй тоо баримт. Эмнэлгийн тусламж авах шаардлагүй гэж үзсэн хэчнээн тохиолдол байгааг таашгүй, цаашид ч гарахыг үгүйсгэхгүй.
Хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай
Манай улсад мөрдөгдөж хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд цахилгаан дугуй, скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилал тодорхойгүй, улсын бүртгэлгүй, хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, техник хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй зэрэг асуудлууд байгаа учир Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг байгаад УИХ-ын гишүүн П.Батчимэг анхаарал хандуулах болсон юм.
Түүний санаачилгын үр дүнд УИХ-ын даргын 76-р захирамж гарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж анхны хуралдаан өчигдөр /2025.03.24/ боллоо.
Энэхүү хуулийн төслийн зорилго нь "МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй, тайван орчинд зорчих эрхийг хангах хууль зүйн баталгааг бий болгох замаар цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерээс үүдэлтэй зам тээврийн осол, гэмтлийг бууруулахад оршино гэжээ"
Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан.
Үүнд:
- “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй” (суррон), ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” (the personal light electric vehicles) гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг тодорхойллоо.
- Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгав.
- Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн хурд, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг шинээр тусгалаа.
- ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” (shared micromobility services) нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр тодорхойллоо.
Хуулийн төслийг энэ 7 хоногт Засгийн газарт хүргүүлж санал авах, мөн www.d.parliament.mn цахим хуудсанд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авах ажиллагааг эхлүүлэхээр болсон байна.