
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ
УИХ-ын ХЗБХ-ны /2025.03.25/-ны өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа /илтгэгч/, Р.Батрагчаа, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Мөн энэхүү дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. ...”, мөн зүйлийн 5 дахь заалтад “өндөр наслах … тохиолдолд ... тусламж авах эрхтэй;” гэснийг зөрчөөгүй байна гэж үзсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.