
Суррон, скүүтертэй холбоотой асуудлыг цогцоор нь шийднэ
УИХ-ын даргын 76-р захирамжаар байгуулагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2025.03.24/ боллоо.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг чуулганы завсарлагааны хугацаанд цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төслийг өөрийн орны нөхцөл байдал, олон улсын сайн туршлага, жишигт үндэслэн боловсруулснаа Ажлын хэсгийн гишүүддээ танилцууллаа.
Энэхүү хуулийн төслийн зорилго нь МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй, тайван орчинд зорчих эрхийг хангах хууль зүйн баталгааг бий болгох замаар цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерээс үүдэлтэй зам тээврийн осол, гэмтлийг бууруулахад оршино. Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан.
Үүнд:
- “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй” (суррон), ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” (the personal light electric vehicles) гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг тодорхойллоо.
- Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгав.
- Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн хурд, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг шинээр тусгалаа.
- ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” (shared micromobility services) нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр тодорхойллоо.
Хуулийн төслийг энэ 7 хоногт Засгийн газарт хүргүүлж санал авах, мөн www.d.parliament.mn цахим хуудсанд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авах ажиллагааг эхлүүлнэ.