
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа
ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, Зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан ЭГУЦС-ын төслийн ажлыг хөдөлгөх зорилгоор шат дараатай ажил байна.
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.