Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно
2010.06.04
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно

Уул уурхайн салбарт ашиглагдах зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Одхүү, Д.Одбаяр, С.Оюун, Д.Тэрбишдагва нар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Энэ хуулиар батлан хамгаалах зориулалттай бус иргэний буюу үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа учраас тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, түүний эргэлтэд хяналт тавих үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээх нь зүйтэй юм гэж эрхэм гишүүд үзэж байгаа аж.

Ингэхдээ мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгодог байх, мөн холбогдох байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй зохицуулах зөвлөл байгуулж хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байхаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, ашиглах, түүний эргэлтэд хяналт тавих нь үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой асуудал тул энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн дүрмийн сангийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын хуулийн этгээд бүрүүлэхээр төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ