С.Бямбацогт: Сангийн сайдыг маань хөрөнгө оруулагч тал төөрөгдүүлээд байх шигээ
2010.12.13
Уул уурхай, Ашигт малтмал

С.Бямбацогт: Сангийн сайдыг маань хөрөнгө оруулагч тал төөрөгдүүлээд байх шигээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг  “Ярилцах танхим“-даа урилаа.

- Засгийн газраас Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл, заалтыг өөрчлөхөө мэдэгдлээ. Хувь ний­лүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар Монголын талын эзэмших хувь батал­гаажих уу?

- Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчилнө гэж Ерөнхий сайд С.Батболд Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтайгаа хамт сууж байгаад ярьж байна лээ. Ерөнхийдөө “Оюутолгой” компанийн давуу эрхтэй хувьцааг олон улсын Хөрөнгийн биржид гаргахаа болино. Түүний оронд өрийн бичиг гаргаад зээл авъя гэж мэдэгдсэн. Үүнтэй уялдаад Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал ярьсан байх. Өөр ямар зүйл, заалтад өөрчлөлт оруулах гэж байгааг нь мэдэхгүй. Ер нь “Оюутолгой” ХХК-ийн тухайд давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монголын талын эзэмших 34 хувь 6.8 болтлоо буурна. Эсвэл 34 хувьд ямар ч өөрчлөлт орохгүй гэх маргаан байгаа. Аль алиных нь зөв. Давуу эрхтэй хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхгүй байдаг. Гэхдээ компани ашигтай ажилласан ч, ашиггүй ажилласан ч ноогдол ашиг хүртдэг, идэвхтэй хувьцаа. Энгийн хувьцаа нь хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй. Өөрөөр хэлбэл, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, томилох, компанийн бизнес төлөвлөгөөг батлахад санал өгч оролцдог. Энэ утгаараа Хувь нийлүүлэгчдийн хурлаас компани ноогдол ашиг хуваарилахаар бол ноогдол ашиг авна, хуваарилахгүй бол авахгүй. Мөн компани алдагдалтай ажиллавал ноогдол ашиг авахгүй. Компани дампуурвал оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг хувьцааг энгийн хувьцаа гэдэг. Иймээс хувьцаа буурна гэж ярьж байгаа нь зөв. Компани ноогдол ашиг тараахаар хүссэн, хүсээгүй давуу эрхийн хувьцаа ашгаа авна. Түүний дараа үлдсэн ноогдол ашгаас энгийн хувьцаа эзэмшигч ашиг авна. Ингэхээр Монголд хохиролтой гэдэг нь үнэн. Нөгөө талаас 34 хувь нөлөөлөхгүй гэдэг нь ч үнэн. Учир нь давуу эрхийн хувьцаа саналын эрхгүй. Тиймээс шийдвэр гаргахад Монголын талын эзэмшил хувь буурахгүй. Монголын талд хохиролтой байх магадлалтай учраас давуу эрхийн хувьцааг болиулж, зээл авсан нь дээр гэж үзэж байгаа. Хэрвээ энэ асуудлыг улстөрчид яриагүй байсан бол давуу эрхийн хувьцаа гаргаснаар монголчуудын авах ноогдол ашиг буурах байсан. Энэ бол улстөрчид, хэвлэл мэдээллийнхний том гавьяа гэж хэлж болно.

- Оюутолгойн гэрээг анх байгуулахад давуу эрхийн хувьцааны талаар огт мэдээгүй гэж үү. Гэрээг алдаатай байгуулчихаад улстөрчид давуу эрхийн хувьцаа Монголд эрсдэлтэй гэдгийг олж харсан гавьяатай гэж ярих нь утгагүй юм биш үү?

- УИХ Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайн сөхөж хараагүй. Үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын эзэмших хувь ямар байх вэ, татвартаа яаж өөрчлөлт оруулах вэ, нөөцийн төлбөрийг ямар байлгах вэ зэрэг бодлогын чанартай  том асуудал ярьж байснаас Хувь нийлүүлэгчдийн гэрээний нарийн ширийн рүү орж чадаагүй. Гэтэл одоо энэ асуудал сөхөгдөж байна. Ашигт малтмалын тухай хуульд хөрөнгө оруулагч өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийгээд орд олбол тухайн ордын 34 хувийг эзэмшүүлнэ гэж заасан. Гэтэл Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийт хувьцааны биш энгийн хувьцааны 34 хувь гэж оруулсан байдаг. Гэрээний монгол хэл дээрх хувилбарт хувьцааны 34 хувь гэчихээд англи хэл дээрх хувилбарт нь энгийн хувьцааны 34 хувь гэсэн байдаг. Аль эх нь хүчинтэй вэ гэхээр англи хэл дээрх хувилбар нь хүчинтэй болж таардаг. Англи, монгол хэлний үг хэллэгийн зөрүүнээс асуудал үүссэн хэрэг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөхгүй гэдгийг хориглоно, байж болно гэдгийг болохгүй гэх мэт хэллэгийг нэг мөр болгож ойлголцох шаардлагатай.

- Тэгвэл анзааргагүйн буруугаас хариуцлаггүй гэрээ байгуулжээ гэж ойлгож болох уу?

- УИХ биш Засгийн газар гэрээг байгуулсан. Сайд нар болон тэдний удирдлагад ажилласан ажлын хэсэг гэж байгаа. Тэд гэрээний үг үсэг, утга найруулгыг нэг бүрчлэн судалсныхаа дараа УИХ-д оруулсан байх. УИХ бодлого, агуулгын чиглэл өгөхөөс биш гэрээ байгуулах гэж хэлэлцээрт ороогүй. Тиймээс УИХ-ын гишүүд хэлсэн санаагаа гэрээнд орсон л гэж бодсон байх.

- Гэрээнд анх заасан хөрөнгө оруулалтын зардал өөрчлөгдсөн нь бас ямар учиртай юм бэ?

- Гэрээ байгуулж байхад хөрөнгө оруулалтын зардал  2.7 тэрбум ам.доллар гэж ярьж байсан. Гэтэл одоо энэ зардал зургаан тэрбум ам.доллар болчихсон. Тухайн үед УИХ болон байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж байсан баримт байгаа. Тэр баримттай харьцуулаад асуудлыг ярих л ёстой. Сайд нар УИХ-ын чуулганы индэр дээр хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Гэтэл тухайн үед гэрээг батлуулахын тулд үндэслэлгүй мэдээлэл өгдөг, худлаа тоо баримт хэлдэг, асуудал гарсны дараа нөгөөх нь огт өөр болдог жишгийг засах ёстой.

- Таны хэлсэн энэ хоёр тооны зөрүү нь Монголын талд ямар хохиролтой вэ?

- Мэдээж хэр хэмжээний бага зардал гарна төдий чинээ монголчуудын авах ноогдол ашиг их болно. Ноогдол ашиг авах хугацаа нь ч наашилна. Бид зээлээ хүүтэй нь төлсний дараа ноогдол ашиг авна шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулалтын зардал ихсээд байхаар Монголд хохиролтой.

- Оюутолгойн гэрээг байгуулж байх үед УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байсан. Тэдний нэг нь та. Шүүмжлээд байсан хүмүүсийн үг ортой байсан нь батлагдаж байх шиг байна. Одоо Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл заалтыг өөрчллөө гэхэд цаашид н асуудал нэг мөр болох уу?

- Үгүй л дээ. Ер нь харилцан ашигтай хамтарч ажиллая гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа. Түүнээс биш монголчууд зүгээр сууж байгаад их ашиг авна гээгүй. Гэтэл олон улсын түвшинд гэрээ байгуулсан туршлагагүйг нь далимдуулж төөрөгдүүлж байвал гэрээ асуудалтай болохоос аргагүй. Үгүй ядах нь ээ, 2.8 тэрбум ам.доллар гэж байсан хөрөнгө оруулалт яагаад зургаан тэрбум ам.доллар болчихов. Яагаад англи, монгол хэл дээрх гэрээ зөрүүтэй байгаа юм. Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Тиймээс бид монгол хэл дээрх агуулгаар нь л ойлгосон. Гэтэл англи хэл дээр өөр болж байгаа зэрэг нь гэрээг эргэж харах үндэслэлүүд болно.

- Гэрээ байгуулж эхлэх үеэс л хувь нийлүүлэгчдийн гэрээний төсөл нууцын зэрэглэлтэй байлгасан гэдэг. Нууц гэрээ ил болсны дараа асуудал үүссэн гэх дүгнэлт ч байгаа. Нууцлах шаардлага байсан юм болов уу?

- Хөрөнгө оруулалтын гэрээний ард Хувь нийлүүлэгчдийн гэрээний хавсралт байсан. Гэхдээ бидэнд тараагдсан гэрээг батлагдсан гэрээтэй харьцуулж үзмээр л байгаа юм. Миний бодлоор батлагдсан гэрээ бидэнд таарааснаас өөр байгаа. Батлагдсан гэрээ одоо болтол бидний гар дээр ирээгүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээг ч, Хөрөнгө оруулалтын гэрээг ч хараагүй байна.

- Яагаад. Нууцын зэрэглэлтэй учраас уу. Уг нь гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд үзэх эрхтэй биз дээ.

- УИХ-ын гишүүнд мэдээлэл хаалттай байх ёсгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ интернэтэд тавигдсан гэсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээг дэлгээгүй. Хувь нийлүүлэгчийн гэрээнд дүрмийн сан гээд ярих асуудал байгаа. Яагаад бага дүрмийн сантай байдаг юм. Яагаад “Оюутолгой” биш “Айвенхоу Майнз” гэдэг компани зээл хөрөнгө оруулалт хийдэг юм. Ямар учраас “Оюутолгой” компани хөрөнгө оруулж болдоггүй юм гээд тодруулах асуудал олон байгаа.

- Тэгвэл Оюутолгойн гэрээг Монголын талаас сайн мэдэх хүн нэр бүхий гурван сайдаас өөр мэдэх хүн байхгүй гэж үү?

- Гэрээ байгуулж гарын үсэг зурсан хүн нь л мэдэх байх даа. Тэр гэрээг олж үзэхийг хүсч байна. Хаана нь, хэн нь нуугаад байгааг мэдэхгүй юм.

- Сангийн сайд “Мэдлэг муутай хүмүүст буруу ойлголт өгөөд байна”, “Хөрөнгө оруулагчдыг ойлгохгүй байгаа учраас төөрөгдүүлж байна” гэж байсан. Улстөрчид ч, иргэд ч гэрээг хараагүй учраас С.Баярцогт сайдын хэлснээр төөрөлдөөд байгаа юм болов уу?

- Үнэндээ С.Баярцогт сайд маань өөрөө төөрөлдөөд байх шиг байна. Бүр С.Баярцогт сайдыг маань хөрөнгө оруулагч тал төөрөгдүүлээд байх шиг ээ.

- Оюутолгойн ордоо толгой компанид биш охин компанид нь өгч гэрээ байгуулсан нь алдаа байсан гэж дүгнэдэг юм билээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

- Монгол Улсад бүртгэлтэй компани нь ямар компани билээ, гэрээ байгуулсан нь ямар компани вэ.  Хөрөнгө оруулалтын мөнгө ямар компани руу орж байгаа билээ гээд үзэхээр асуудал байгаа. “Айванхоу Майнз Монголия Инк” гэж байдаг  Их британийн арлуудад бүртгэлтэй компани яригдаж л байдаг. Ер нь би Оюутолгойн гэрээг нэгбүрчлэн судалж үзье гэж бодож байгаа. Үг үсэг, зүйл заалт бүрийг англи, монгол хэл дээр судалж алинд нь монголчууд хожив, юун дээр нь алдаа гаргав гэдгийг судлуулахын тулд том баг гаргаж ажиллана. Дахиад өөр Хөрөнгө оруулалтын гэрээ хийвэл юунд анхаарах ёстой вэ гэдгийг бэлтгэхийн тулд энэ гэрээг судална. Энэ гэрээг сайжруулж чаддагүй юм гэхэд дараагийн гэрээнд алдаа гаргахгүй байх ёстой.

- Гэрээг аль хэдийнэ баталсны дараа судалж байгаа нь оройтсон алхам биш үү. Монголчуудыг хэдэн зуун жил тэжээнэ гэж байсан орд дээр гаргасан алдаагаа туршлагагүй байжээ гэдгээр хаацайлах нь улстөрчдийн алдаа биш гэж үү?

- Үгүй л дээ. Гэрээг өөрчилж болно. Нэгэнт батлагдсан гээд тэр чигтээ явна гэж байхгүй.

- УИХ-ын 57 дугаар тогтоолыг Засгийн газар мөрдөлгүй гэрээ байгуулсан гэж зарим гишүүн ярьдаг. Тогтоолд зааснаар хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувьцааг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг одоо гэрээнд тусгах боломж бий юү?

- Энэ бол 57 дугаар тогтоолын хамгийн том заалт. Гэтэл тэр тогтоолыг тэр чигт нь мөрдөөгүй. УИХ-ын тогтоол өнөөдөр хуулийн адил хүчинтэй. Мөрдөж байгаа хуулийн хүрээнд гэрээ байгуулах ёстой учраас 57 дугаар тогтоолыг мөрдүүлэх ёстой.

- Яаж мөрдүүлнэ гэж. Гэрээнд өөрчлөлт оруулахдаа дээрх хувилбарыг оруулах боломж бий юү?

- Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоолд нийцүүлж гэрээ байгуулах УИХ-ын шийдвэрийг зөрчсөн учраас гэрээ өөрөө хууль бус.

- Тэгвэл сүр дуулиан болж байгуулсан гэрээ нь хууль бус юм бол юун Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөх. Бүр гэрээг тэр чигт нь өөрчлөх гэж үү?

- Хэрвээ гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж чадахгүй бол тийм асуудал хөндөнө. Гэхдээ гэрээг сайжруулаад явах нь зөв. Будаач, будаач гэхээр сахлаа будав гэгчээр хэтэрхий туйлширч болохгүй. Хэд хэдэн тодорхой зүйл заалтыг өөрчлөх ёстой. Тухайн үед хүчинтэй байсан 68 хувийн татвар одоо хүчингүй болчихлоо. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн хууль батлагдлаа. Ингэхээр роялтийн татварыг авдаг болох зэрэг асуудлыг оруулах ёстой. Түүнээс биш ялих шалихгүй юмаар шалтаг хийж хөрөнгө оруулагчид дааж давахгүй асуудал тулгаж, үргээж болохгүй. Монголыг Оюутолгойн хөрөнгө оруулалтаар гадныхан харж байна. Үүнийг дагаад гаднаас хөрөнгө оруулалтууд орж ирэх гэж байна. Буруу гэхээр бүх зүйлийг буруу гэж харлуулж, зөв гэхээр бүгд зөв гээд хоёр тийш савлаад байж болохгүй. Буруугаа засаад зөвөө дэмжээд явах ёстой. Тэгэхгүй бол Оюутолгойд хэт улстөржилт яваад байна.

- Монголын тал 34 хувь эзэмшлээ гээд шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхгүй. Харин алтан хувьцаа эзэмших боломж байгаа гэж эдийн засагчид үзэж байгаа. Аль нь ашигтай юм бэ?

- Алтан хувьцаа хориг тавих эрхтэй байдаг. Мэдээж 34 хувь гэдэг 66 хувийнхаа хажууд хүчин мөхөсдөнө. Гэхдээ бид 34 хувь эзэмшиж байгаагийнхаа хэрээр ноогдол ашиг, татвар хураамж, нөөцийн төлбөр авах гурван хэлбэрээр орлого олж байгаа. Ядаж  34 хувиа барьцаалаад зээл аваад хажууханд нь байгаа Цагаан суваргын ордоо гаднаас мөнгө харахгүй ашиглах боломжтой. Тиймээс алтан хувьцаанаас илүү 34 хувь нэлээд том боломж өгнө.

- Гэрээнд 30 жилийн дараа Оюутолгойн Монголын талын хувьцаа 51 хувиас илүү гарна гэж байгаа. Тэр үед нөөц нь хэр байх нь тодорхой байгаа юу?

- Өнөөдрийг хүртэл Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) ямар байгааг олж харахгүй байна. Уг гэрээг 30 жилийн дараа 20, 20 жилээр хоёр удаа сунгаж болно гэж гэрээнд заасан. Тэгвэл 70 жилийн дараа ч Монголын тал 51 хувьтай золгож магадгүй. Харин бид шаардлага бол хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөд, ашгаа олчих. Дараа нь 51 хувиа өгчих. Цаашдаа 49 хувийнхаа ашгийг хүртээд явчих гэсэн шаардлагыг л тавьж байгаа.

- Тэгэхээр Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолтой уялдуулж өөрчлөх шаардлагатай юу?

- УИХ-ын 57 дугаар тогтоол болоод дээр ярьсан зүйлтэй уялдуулж өөрчлөх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ